Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна.
Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай хэлжээ. Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар урьд шөнө 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мөн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 03:40 цагт Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Энэ талаар тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэн "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" тухай мэдээлсэн байна. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар үүрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн 05:00 цагт мэдээлжээ. Мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад "Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй"-г хэлсэн гэж Онцгой байдлын ерөнхий гараас мэдээллээ.