АНУ коронавирусийн халдварын 85,377 тохиолдлоор Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлж эхэллээ
АНУ дэлхийд коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд тэргүүлж эхэлжээ.
Одоогийн байдлаар /2020.03.27/ тус улсад нэг өдрийн дотор 17,166 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 85,377 хүн халдвар авсан нь бүртгэгдсэн бол Хятад улсад нийт 55 хүн халдвар авснаар нийт 81,340 тохиолдол бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Мөн Америкт нас барсан хүмүүсийн тоо нэг өдрийн дотор 268-аар нэмэгдэж нийт 1,295-д хүрээд байгаа юм.
Тус вирус нь Хятадад 2019 оны 12-р сарын сүүлээр гарсан бөгөөд Хятад улс шийдэмгий арга хэмжээ авсны хүчинд 2-р сарын сүүлчээр вирусийн голомтыг дарж чадсан билээ. Энэ хооронд тус вирус нь АНУ, Итали, Испани зэрэг орнуудад газар авч илүү олон хүнд халдаж эхлээд байна.
3-р сард АНУ-д халдвар авсан хүмүүсийн тоо огцом өсөж эхэлсэн бөгөөд өдөрт 10,000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Харьцуулбал, АНУ-тай ойролцоо хугацаанд халдвар илэрсэн Өмнөд Солонгос улсад өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 100 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн байгаа юм.
Коронавирус нь бараг америкийн бүх мужуудад сургуулиудыг түр хугацаагаар цуцлахад хүргэсэн бөгөөд эрх баригчид урьдчилан сэргийлэх зорилгоор иргэддээ гэртээ хорио цээрийн дэглэм барихыг зөвлөхөөс өөр арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.
Үүний хажуугаар Ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтийн дагуу эмчилгээний хэрэгсэл, тоног төхөөрөмжийг АНУ-д тусламжаар илгээх болсноо Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр зарласан билээ.
Хариуд нь Трамп Өмнөд Солонгосын компаниудын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
АНУ, Их Британи, Итали зэрэг барууны орнуудад амны хаалт зүүхгүй байхыг анхааруулсан, ард иргэд нь амны хаалт зүүсэн иргэдийг гадуурхаж байгаагаас болоод ийнхүү халдварыг тогтоож чадсангүй. Ийнхүү барууны орнууд, тэд дундаа үсрэнгүй хөгжилтэй эрх чөлөөт гэгдэх улсууд нэгдсэн дэг журамд захирагддаг Азийн орнууд, хуучин социалист байсан улсууд шиг маш нягт зохион байгуулалтад орж чадалгүй байсаар халдварын шинэ голомт болж байгаа нь харамсалтай.
Та коронавирусийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.