АНУ-ын байлдааны хөлөг онгоц Тайванийн хоолойг дайран өнгөрчээ
Лхагва гаригт Тайванийн хоолойгоор АНУ-ын байлдааны хөлөг онгоц дамжин өнгөрсөн байна.
Хятад ба Тайванийн хоорондын харилцаа хурцдаж эхэлсэн учраас АНУ-ын тал ийм алхам хийсэн ажээ.
"USS McCampbell" хэмээх байлдааны хөлөг онгоц хойд зүгийн усан замаар явсан бөгөөд түүний хөдөлгөөнийг Тайванийн зэвсэгт хүчин хянаж байсан гэж тус арлын Батлан хамгаалах яамны Пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тус онгоц "ердийн даалгавар" гүйцэтгэсэн гэж АНУ-ын батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
АНУ-ын Долдугаар флотын хэвлэлийн төлөөлөгч Энтони Юнко энэ хөлөг онгоцыг "Олон улсын хууль тогтоомжийн дагуу 3-р сарын 25-ны өдөр (орон нутгийн цагаар) Тайванийн хоолойгоор явуулсан" гэсэн байна.
Сүүлийн саруудад Хятадын эрх баригчид Тайванийг нэгтгэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн гэсэн байр сууринаас хандаж байгаа юм.
Үүний илрэл болгон Хятадын агаарын хүчин өнгөрсөн долоо хоногт Тайванийн ойролцоо агаарын цэргийн сургууль хийсэн бөгөөд үүнээс болоод нөхцөл байдал хурцдаад байна.
АНУ-ын хөлөг онгоцнууд энэ жил Тайвань болон БНХАУ-ын дунд орших стратегийн ач холбогдол бүхий усаар зорчсон хоёр дахь тохиолдол нь энэ болж байна. Өмнө нь 1-р сард АНУ-ын хөлөг онгоц уг усаар зорчиж байжээ.