Билл Гэйтс коронавирус бидэнд яг юу зааж байгаа талаар ингэж хэлжээ
"Microsoft" компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг 64 настай Билл Гейтс дэлхий даяар тархаад байгаа аюулт өвчинд санаа зовж байгаагаа илэрхийлэхийн хажуугаар "Бүх зүйлийн цаанаа нарийн учир байдаг" гэж итгэдэг талаар бичжээ.
Тэрбээр энэ талаар "Корона / Ковид-19 вирус бидэнд яг юу зааж байна вэ?" гэсэн нээлттэй захидал бичсэнийг орчуулан хүргэе.
"ОЮУНЛАГ ЗОРИЛГО"
Бид аливаа зүйлийг сайн сайхан, муу муухай гэж үзэхээс үл хамааран бүх зүйлд оюунлаг зорилго байдаг гэдэгт би итгэдэг. Энэ үүднээс та бүхэнтэй Корона / Covid-19 вирусийн талаар яг юу бодож байгаагаа хуваалцах гэсэн юм.
1. Энэ вирус бидний соёл, шашин шүтлэг, ажил мэргэжил, санхүүгийн байдал, хэр зэрэг алдартай гэдгээс үл хамааран бид бүгд адил тэгш гэдгийг сануулж байна. Энэ өвчин бид бүгдэд адилхан ханддаг, магадгүй бид ч гэсэн нэг нэгэндээ тэгж хандах хэрэгтэй байх. Та надад итгэхгүй бол зүгээр л Том Хэнксээс асуугаарай.
2. Бид бүгд харилцан холбоотой бөгөөд нэг хүнд нөлөөлдөг зүйл нөгөө хүнд ч бас нөлөөлдөг гэдгийг сануулж байна. Энэ вирус хил давахын тулд паспорт авах шаардлагагүй тул бидний тавьсан хиймэл хил хязгаарын ач холбогдол бага байгааг мэдрүүллээ. Энэ өвчин биднийг багахан хугацаанд дарласны хүчээр бид бүхэл амьдралаа дарлуулж амьдардаг хүмүүсийн тухай ойлгож байна.
3. Энэ вирус бидний эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй болохыг, мөн түүнийг бид хэрхэн үл тоомсорлон хэт их боловсруулснаас болж бага шим тэжээлтэй хүнс идэж, олон давхар химийн бодисоор хордуулсан ус уудаг болохыг санууллаа. Хэрэв бид эрүүл мэнддээ анхаарахгүй бол мэдээж өвчин тусна шүү дээ.
4. Энэ вирус амьдрал ямар богинохон болохыг санууллаа. Мөн нэг нэгэндээ туслах, ялангуяа өндөр настай, өвчтэй хүмүүсийг асрах нь хамгийн чухал юм гэдгийг бид мэдэж авлаа. Харин бидний зорилго ариун цэврийн цааш худалдаж авах биш байлтай.
5. Нийгэмд маань хэт материалист байдал ноёлсон болохыг бид харлаа. Хүнд хэцүү үед бидэнд таашаал өгдөг тансаг хэрэглээ бус харин зайлшгүй шаардлагатай зүйлс (хоол хүнс, ус, эм) хэрэгтэй гэдгийг сануулж байна.
6. Энэ вирус гэр бүл, гэр дэх амьдрал хичнээн чухал болохыг, бид түүнийг мартсан болохыг сануулжээ. Вирусийн нөлөөгөөр бид гэртээ үлдэж, гэр бүлээ бэхжүүлэх цаг болсныг мэдэж авлаа.
"БИДНИЙ ЖИНХЭНЭ ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС"
7. Бидний жинхэнэ ажил бол бидний хийдэг ажил биш, бид түүнийг хийх гэж энэ хорвоо дээр төрөөгүй гэдгийг мэдэж авлаа. Бидний жинхэнэ ажил бол бие биенээ харж, бие биенээ хамгаалах, бие биендээ туслах явдал юм.
8. Энэ вирус биднийг их зантай байж болохгүй гэдгийг харууллаа. Бид хэчнээн өөрсдийгөө эсвэл бусдыг мундаг гэж боддог байсан ганцхан вирус дэлхийн нийтийг эзэлж чадлаа шүү дээ.
9. Бид эрх чөлөө гэдэг ямар хүчтэй зүйл болохыг мэдэж авлаа. Бид нэг нэгэндээ туслах, тэтгэх эсвэл амин хувиа хичээх, бүх зүйлийг хувьдаа авах, зөвхөн өөрсдийгөө бодох сонголтыг сонгож болно. Үнэхээр хэцүү цагт бидний жинхэнэ чанар танигддаг юм байна.
10. Бид аливаад тэвчээртэй хандах эсвэл үймээн самуунд автаж болно гэдгийг санууллаа. Бид ийм зүйл олон удаа тохиолдож байсан, энэ удаад ч дайраад өнгөрнө гэдгийг ухаарах эсвэл дэлхий дуусч байгаа юм шиг сандран нөхцөл байдлыг улам дордуулж болдгийг мэдэж авлаа.
11. Бид бүхнийг дуусгах эсвэл шинэ эхлэл тавьж болохоо мэдэж авлаа. Бид өмнөх алдаанаасаа суралцаж бүхнийг шинээр эхлэх эсвэл хуучин алдаагаа дахин дахин давтсаар эцэст нь мөхөж болно.
12. Бид эх дэлхийгээ өвчтэй байгаа гэдгийг мэдэж авлаа. Энэ их ариун цэврийн цаасыг хараад ямар их мод үрэгдсэн бол гэж өөрийн эрхгүй бодож байна. Дэлхий маань өвчтэй байгаа юм чинь бид ч гэсэн өвдөж таараа шүү дээ.
13. Хүндрэл бэрхшээл бүрийн дараа үргэлж амар амгалан байдаг гэдгийг сануулж байна. Амьдрал өөрийн гэсэн мөчлөгтэй бөгөөд энэ бол түүний зөвхөн нэг үе шат юм. Бид сандрах хэрэггүй; болох ёстой зүйл болоод л өнгөрнө.
14. Олон хүмүүс Корона/Ковид-19 вирусийг маш их гамшиг гэж үзэж байгаа бол би үүнийг "агуу залруулагч" гэж харахыг илүүд үздэг. Хүн төрөлхтөн аль эрт мартсан чухал зүйлийг эргэж санасан бөгөөд түүнээс суралцах эсэх нь биднээс л шалтгаална.