Зах зээлийн уналтаас болж Америкт хагас сая гаруй хүн саятны тооноос хасагджээ
Санхүүгийн зах зээлийн уналтаас болж зөвхөн АНУ-д гэхэд хагас сая хүн саятны тооноос хасагджээ. Spectrem Group-ын хийсэн судалгаагаар 2019 оны төгсгөлд АНУ-д 11 сая саятан байсан бол 2020 оны эхээр буюу коронавирусийн тархалтаас үүссэн хямрал, газрын тосны үнийн уналт зэргээс болж 500 000 хүний хөрөнгө сая долларт хүрэхээ байж саятан гэдэг нэрээ алдсан байна.
Хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлийн уналтаас болж энэ дэлхийн хамгийн баян чинээлэг 500 гаруй хүн нийтдээ 1.3 их наяд долларын алдагдлыг зөвхөн 2020 оны эхнээс хойш хүлээгээд байгаа тухай мэдээ саяхан гарсан ба энэ нь тэдгээр баян чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгөний 21.6% юм. Одоо дэлхий дээр цорын ганц 100 тэрбум давсан хөрөнгөтэй хүн үлдсэн нь Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос билээ. 2020 оны 3-р сарын 24 ний байдлаар энэ хүний хөрөнгийг 117 тэрбум доллар гэж тооцож байгаа юм.
Microsoft-ийг үндэслэгч Билл Гейтс болон LVMH-ийн тэргүүлэгч Бернар Арно нар нь 2019 оны зуны үеэр Безостой хамт 100 давсан тэрбумын хөрөнгөтэй гэж тооцогдож байсан боловч энэ жагсаалтаас хасагдсан байна. Одоо тэдний хөрөнгийг 89.5 болон 58.7 тэрбум гэж үнэлж байгаа юм.
Эдийн засгаа аврах 2 их наяд долларын төлөвлөгөө
Тахлын хүнд цаг үед эдийн засгаа тэтгэх, иргэдийн амсах хохирлыг багасгахын тулд АНУ-ын Сенат болон Цагаан ордны удирдагчид тус улсын түүхэнд урьд өмнө байгаагүй томоохон хөтөлбөрийг батлахаар санал нэгдээд байна.
2 их наяд долларын төсөв гаргах тус хөтөлбөрийн хүрээнд нийт $500 тэрбумыг хамгийн хүнд цохилт амссан эдийн засгийн салбаруудыг аврахад зарцуулах бол АНУ-ын айл өрхүүдэд орлогын хэмжээнээс нь хамааран $3,000 хүртэл хэмжээтэй нэг удаагийн тэтгэлэг олгохоор болсон байна.
Мөн $350 тэрбумыг жижиг бизнесийн зээлд зарцуулах бол ажилгүйдлийг бууруулах чиглэлд $250 тэрбум, эмнэлгүүдийн хүчин чадлыг сайжруулахад $75 тэрбумыг зарцуулахаар болжээ.
Сүүлийн хэдэн өдрүүдэд тус улс дахь COVID-19 халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, одоогийн байдлаар 68,203 тохиолдол, 1,027 нас баралт бүртгэгдээд байна.