Рио-де-Жанейрогийн гэмт бүлэглэлүүд коронавирусээс сэргийлэхийн тулд хотдоо хөл хорио тогтоож эхэлжээ
Рио-де-Жанейро хотын гэмт бүлэглэлүүд коронавирусийн эсрэг засгийн газрынхаа авч буй арга хэмжээг шүүмжлэн өөрсдөө хөл хорио тогтоож эхэлжээ.
Тэд "Нийт иргэдийн анхааралд, Өнөөдрөөс эхлэн Рио дас Педрас, Музема, Тижукинха зэрэг дүүргээр оройн 8 цагаас хойш явсан хүмүүс маргааш нь дахиж хаашаа ч явж чадахгүй болохыг мэдэгдье.
Бид эх орондоо хайртай. Хэрвээ эрх баригчид ямар нэг арга хэмжээ авахгүй бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.
Бразилын засгийн газар хэдийгээр зарим нэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч одоогоор ямар нэг хөл хорио тогтоогоогүй байгаа учраа тэд ийнхүү нөхцөл байдлыг гартаа авахаар шийджээ. Тус улсын эрх баригчид иргэдээ амны хаалт зүүн гэрээс гарахгүй байхыг зөвлөж байгаа аж.
Хэдийгээр сургууль болон олон нийтийн цуглардаг газруудыг хаагаад байгаа ч хүмүүс хүссэн газраараа явах эрхтэй хэвээр байгаа юм.
Гэмт бүлэглэлүүдийн хөл хорио тогтоогоод байгаа газрууд нь нийт 1.5 сая хүн амьдардаг ядуусын хорооллууд гэнэ. Хэрвээ коронавирус тус дүүргүүдэд тархвал хэн ч зогсоож чадахгүй учраас тэд ийм арга хэмжээ авч байгаа аж.
Эрүүл мэндийн судалгааны "Fiocruz" байгууллагын ажилтан "Онгоцоор аялдаг баячууд энэ өвчнийг тээж ирсэн ч орон гэргүй ядуучууд хамгийн их өртөх болно" гэж хэлжээ.
Одоогийн байдлаар тус улсад нийт 1,960 хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд 34 хүн нас бараад байгаа юм.