Токио 2020 олимп, паралимпийн наадам коронавирусийн улмаас ирэх жил хүртэл хойшлогдлоо.
Энэ оны 7-р сарын 24-нд эхлэх гэж байсан уг арга хэмжээ одоо "2021 оны зунд болно" гэж Олон улсын Олимпын хороо мэдэгджээ.
"Би нэг жил хойшлуулах санал тавьсанд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 100 хувь дэмжсэн" гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.
"Өнөөгийн нөхцөл байдал, ДЭМБ-аас өгсөн мэдээлэлд үндэслэн ОУОХ-ны ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар Токио хотноо болох гэж буй XXXII Олимпын наадмыг хойшлуулах ёстой гэж үзлээ. Олимпын наадамд оролцсон бүх хүмүүс, олон улсын хамтын нийгэмлэгийн тамирчид эрүүл мэндийг хамгаалахын тулд 2021 оны зуныг сонгосон болно"гэж Олон улсын олимпын хороо мэдэгджээ.
Уг наадам 2021 онд болох ч нэр нь "Токио 2020" хэвээр үлдэх ажээ.
Токио 2020 болон ОУОХ-ны зохион байгуулагчдын хамтарсан мэдэгдэлд “Дэгдэлт урьд өмнө байгаагүй, урьдчилан таамаглаагүй хэмжээнд хүрсэн учраас ийм шийдвэрт хүрсэн" гэжээ.
"Одоогийн байдлаар дэлхий даяар болон бараг бүх улс оронд 375000 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тэдний тоо цаг тутам нэмэгдсээр байна." хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдсэн юм.