Хаврын хуурайшилттай энэ үед ойн болон хээрийн түймэр гарах тохиолдол их байна. Гуравдугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутагт хээрийн түймэр гарч, 320 га талбай шатсан. Өчигдөр мөн тус аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс урд зүгт 35 км-т орших Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10:35 цагт онцгой байдлын алба хүлээн авжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, нэг автомашин, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, хоёр автомашин, Булган сумын Засаг даргын Тамгын газраас 22 иргэн, гурван автомашин, нийт 51 хүн, зургаан автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж, 19:24 цагт бүрэн унтрааж Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт хүлээлгэн өгсөн аж.
Уг гал түймэрт 1,800 га талбай өртөж шатжээ.
Мөн гуравдугаар сарын 22-нд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсныг тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 24 иргэн, гурван автомашин, нийт 36 хүн, дөрвөн автомашинтай унтраахаар ажиллаж тухайн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан байна.
Хаврын хуурайшилттай үед:
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.