Өчигдөр өдөр хүү минь гэв гэнэт:
- Ааваа, одооноос эхлээд би таны аав болсон шүү! гэсэн юм.
Унтах боллоо.
- Би тантай унтана шүү! л гэж байна. Гурвуулаа булаацалдаад ээлж дараагаар унтах болоод Ухаантыг аваад унтахаар боллоо. Өдөр яагаад тэгж хэлснийг нь асуумаар санагдаад асуусан чинь, нээх хөөрхөн хүзүүгээр тэвэрснээ:
- Би таныг аавтай байгаасай гэж хүсэж байна... гэж авч байна.
- Яагаад? гэж учрыг лавлавал,
- Та аавгүй учраас таныг хайрлах хүн байхгүй, тэгээд би аав чинь болоод таныг хайрлана.. гэнээ. тэгэнгуут л дотор юм базлаад л, самсаа шархираад ирсэн. Унтах гэж байж хүүхэд зовоогоод яах вэ... гэж бодоод дээшээ хараад хэвтлээ. Тэгсэн чинь мань хүн:
- Миний хүү нусаа залгиад байгаа юм уу? гэж байна.
- Үгүй ээ.. л гэлээ. Жаахан байж байгаад дахиад л залгилаа даа.
- Нусаа залгиж идэх муухай байдгийн шүү, миний хөө.. л гэж авч байна. Инээд хүрээ л явчихлаа.
- Аав аа, та надад үлгэр ярьж өгөөч? Мань хүн хүлээлгэхгүй, шалтаг тоочихгүй, шууд ярьж байна шүү... Эртээ урдын цагт.. гэж эхлээд урд өдөр нь үзсэн Годзила-гаа л ярьчихсан болохоос
Өөрийгөө танадах санаатай:
- Намайг буруу юм хийгээд байвал та намайг шийтгэх үү? гэлээ.
- Шийтгэхгүйшдээ.. л гэж байна.
- Хэрэв тэгээд шийтгэхгүй байсаар байтал муу хүн болоод өсчихвөл яах вэ? гэж асуулаа. Тэгсэн хэсэг бодсоноо:
- No no no, үгү үгүй үгүй гэгээд, нэг хөл дээр нь зогсоож, алиалагч жүжигчин болгоод үгэндээ оруулдаг болгоно шд! Миний хүү даарч байна уу? гээд хөнжил нөмөргөж өгч байна.
- Үгүй ээ... гэсэн чинь
- Халууцаж байна уу?
- Тийм.. гэсэн чинь хөнжил гарын доогуур хийж өглөө. Тэгээд цээжинд минь нуруугаараа наалдангаа:
- Миний хүү аавыгаа тэврээд унтаж болно шүү! гээд баруун гарыг минь толгойн дороо, зүүн гарыг минь өөр дээгүүрээ тавиад, цаашаа хараад унтаад өглөө.
Тэнгэрт эртээ хальж, тэврүүлж унтаж үзээгүй аавтайгаа ингэж нэг ярьдаг юм байжээ гэж бодон дотор нэг их уужирч, аавыгаа тэврээд амарлаа