Д.Мөнхнаст: "COVID-19"-өөс гадна зургаан төрлийн коронавирусийг сарьсан багваахай тээж, дамжуулдаг
Шинэ коронавируст халдвар буюу “Сovid-19” БНХАУ- ын Ухань хотод анх дэгдсэний дараахан энэхүү вирус сарьсан багваахайнаас хүнд халдсан байж магадгүй гэдэг таамаг гарсан. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны үндэстэйгээр баталж нотолсон, эсвэл үгүйсгэсэн судалгаа одоогоор алга. Харин сарьсан багваахай “Сovid-19” болон SARS, МERS зэрэг бусад төрлийн коронавируст халдварыг тээдэг нь үнэн төдийгүй Монгол оронд тархсан сарьсан багваахайд ч энэ төрлийн вирус бий гэнэ. Сарьсан багваахай 70 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан маш эртний амьтан бөгөөд тоо толгойн хувьд эдүгээ дэлхийн бөмбөрцөг дээрх таван сүүн тэжээлтэн тутмын нэг нь сарьсан багваахай байдаг аж. Энэхүү сонин содон амьтан сүүн тэжээлтэн дотроос ганцаараа нисдэгээрээ мөн онцлогтой. Ингээд Монголын гар далавчтан судлах төвийн гүйцэтгэх захирал Д.МӨНХНАСТЫН ярианд та бүхний анхаарлыг хандуулъя.
МОНГОЛЫН САРЬСАН БАГВААХАЙ ДЭЛХИЙН СУДЛААЧДЫН АНХААРЛЫГ ТАТЖЭЭ
-Саяхан таны судалгааны бүтээл дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдсэн. Юуны тухай судалгааг ямар сэтгүүлд хэвлүүлэв?
-АНУ-ын шинжлэх ухааны үндэсний сэтгүүл гэж дэлхий дээр хамгийн олон хувь хэвлэгдэж, хамгийн олон удаа эш татагддаг, нэр хүнд, чансаатай сэтгүүл бий. Жилд 3300 дугаар хэвлэдэг гэхээр сард бараг 300-400 дугаар хэвлэдэг гэсэн үг. 10 гаруй орны эрдэмтэн, судлаачидтай хамтарч, Ази, Европ Америк гурван тивийг хамарсан100 гаруй судалгааны талбайгаас дээж материал цуглуулж, нийт 39 зүйлийн сарьсан багваахайг судалсан дэлхийн хэмжээний судалгааны ажлын үр дүнг саяхан энэ сэтгүүлд хэвлэсэн. Энэ судалгаа ямар учиртай вэ гэхээр зөвхөн амьтдыг хамарсан вирусийн өвчлөл байхаас гадна ургамалд бас байдаг. Түүний нэг нь мөөгөнцрөөс гаралтай вирусийн өвчлөл.
Сүүлийн үед хүйтэн, чийгтэй орчинд тэсвэртэй нэгэн зүйл мөөгөнцрөөс сарьсан багваахайд өвчин халдварлаад байгаа. Өөрөөр хэлбэл, ургамлаас амьтанд вирус халдварлаж байна гэсэн үг. Тиймээс бид энэ мөөгөнцөр сарьсан багваахайд яаж халдаж байна вэ гэдгийг судалсан. Сарьсан багваахай жилийн тодорхой улиралд, хүйтэн сэрүүн болохоор олноороо, хэдэн зуу, мянга, бүр хэдэн саяараа бөөгнөрч ичдэг. Ичих үед нь, тэдний ичдэг агуйд дээр дурдсан мөөгөнцөр ургадаг юм байна. Ингээд уг мөөгөнцөр сарьсан багваахайн биеийн үсгүй хэсэг болох далавчин дээр нь, эсвэл хамар дээр нь ургаж үрждэг. Улмаар арьсных нь хэсгүүдийг идэж гэмтээж, загтнуулдаг. Ичиж байгаа амьтан маш тайван, бодисын солилцоогоо удаан болгож, зун, намаржин хуримтлуулсан өөх, тос, энергиэ бага багаар зарсаар байгаад хаврын урин дулаантай золгох ёстой. Гэтэл сарьсан багваахайд өнөөх мөөгөнцөр халдварлачихаар тэгж чадахгүй дүн өвлийн хүйтнээр сэрчихэж байгаа юм. Нэгэнт сэрсэн амьтан ниснэ, энергиэ алдана. Ингээд өвлийг давж чадахгүй өлбөрч үхэх ч юм уу, эсвэл хөлдөж бээрэх гэх мэт эрсдэлд орж байгаа. Сарьсан багваахай хэдэн зуу, мянгаараа бие биедээ наалдаж, бөөгнөрч ичдэг учраас энэ мөөгөнцөр маш амархан нэгээс нөгөөд дамждаг. Тиймээс мөөгөнцөртэй агуйд ичсэн бүх багваахай өвчилж, үхэх эрсдэлтэй. Нэмээд хэлэхэд аливаа ичээнд, тэрхүү ичээ агуй орчимд зөвхөн нэг зүйлийн сарьсан багваахай байдаггүй. Гурав, дөрвөн зүйл, бүр арваад зүйлийн сарьсан багваахай ч цугтаа ичдэг. Энэ дунд маш цөөн, ховор зүйлийн сарьсан багваахай бусадтайгаа хамт ичнэ гэсэн үг. Яагаад үүнийг онцолж хэлээд байна гэхээр сарьсан багваахайн маш ховордсон төрөл зүйлүүд байдаг.
Дэлхийн хэмжээнд ховордсон, тоо толгой нь маш цөөн, хоёр гуравхан мянга, бүр хэдхэн зуугаар тоологдох төрөл зүйл ч бий. Тийм ховордсон зүйлийн сарьсан багваахай жишээ нь Хойд Америкт байгаа. Тийм төрөл зүйлийн сарьсан багваахай бусад олон төрөл зүйлтэйгээ хамт ичиж байгаад хэрвээ мөөгөнцөрт өвчинд нэрвэгдвэл тэр чигтээ устана л гэсэн үг.
Энэ мөөгөнцрийг white nose syndrom буюу монголоор хоншоор цайрах өвчин гэж нэрлэдэг. Мөөгөнцрөөс үүдэлтэй өвчний улмаас сарьсан багваахайн хамар ихэвчлэн цагаардаг тул ингэж нэрлэсэн.
-Энэ мөөгөнцрөөс болж сарьсан багваахайн төрөл зүйл мөхсөн тохиолдол байна уу?
-Хэдхэн жилийн өмнө сарьсан багваахайн нэг зүйл бүрмөсөн мөхөж, устаж алга болсон. Ингэж устаж алга болоход дээр яриад байгаа мөөгөнцөр шууд нөлөөлсөн. Тухайлбал, угаас тоо толгой нь цөөрөөд байсан уг зүйлийн популяцынх нь 90 хувь энэ мөөгөнцрийн өвчнөөс болж устсан. Ингээд судлаачид уг зүйлийг албан ёсоор мөхсөн гэж үзсэн. Одоо ийм зүйл сарьсан багваахай дэлхий дээр байхгүй, цаасан дээр л үлдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ мөөгөнцрийн гаралтай өвчин сарьсан багваахайд яаж нөлөөлж байгаа нь саяын судалгаагаар харагдсан.
-Судалгааны хүрээнд Монгол орны сарьсан багваахайн судалгааг ямар түвшинд, хэр өргөн хүрээнд хийсэн бэ?
-Энэ судалгааны хүрээнд манай Гар далавчтан судлах төв АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран Монгол орны зургаан аймгийн нутгийн томоохон агуйнуудаар явж судалгаа хийсэн. Хоёр жилийн турш явж дээж материал цуглуулсан. Агуйд ороод тэнд ичиж байгаа сарьсан багваахайн биенээс арчдасын дээж цуглуулахаас гадна тухайн ичээ, агуй орчмын хад чулуунаас нь дээж авсан. Дэлхийн гурван тивийн 100 гаруй газраас яг адилхан аргачлалаар ингэж хоёр янзын дээж авч судалгаа хийсэн. Энэ бүх дээж дээр анализ хийснээр сарьсан багваахайн ичиж байгаа газар, амьдрах орчинд байгаа мөөгөнцрийн өвчлөлийн хэмжээ нь ямар байна, цаашид дэлхийн хэмжээнд сарьсан багваахайн өвчлөл ямар байх вэ гэдгийг тандахаас гадна энэ өвчин тоо толгойд нь яаж нөлөөх вэ, ямар төлөв байна гэдгийг тандаж гаргаж ирсэн. Сарьсан багваахайн ичээлж байгаа орчин хэр их бохирдсон байна, тэр мөөгөнцрөөр хэдий хэмжээний их халдварлан өвчилсөн байна тоо толгой нь тэр хэрээр хорогдож, үхэж үрэгдэх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан.
-Монгол орны сарьсан багваахайд ч ийм эрсдэл өндөр байна уу?
-Энэ их сонирхолтой. Судалгаа хийсэн газруудаас хамгийн хүйтэн сэрүүн нь манай улс. Дэлхий дээр хамгийн хүйтэн орчинд ичиж байгаа сарьсан багваахай Монголд байна. Энэ бол мэдээж газар зүйн байршил, уур амьсгалын онцлогтой холбоотой.
-Тиймээс Монголын сарьсан багваахай энэ мөөгөнцрийн өвчлөлд маш тэсвэртэй, үхэл хорогдол нь бага байгаа. Энэ нь дэлхийн судлаачдын анхаарлыг их татаж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь бидний цаашдын судалгаа хийх чигийг гаргаж өгч байна гэсэн үг. Бидний судалгаа энэ хүрээд зогсох биш цаашид АНУ-ын судлаачидтай дахиад хамтарч ажиллах гэж байна. Энэ өвөл болон ирэх 2021 оны өвөл хоёр удаагийн давтамжтайгаар судалгааны дээж цуглуулах гэж байгаа.
-Монголын сарьсан багваахайн судалгааны үр дүн сонирхолтой гарч. Бусад улс орнуудын судлаачдын судалгааны үр дүн ямар байсан бэ?
-Зүүн өмнөд Азиас Хятад, Японы судлаачид оролцсон. Израил, Англи, Америк, Франц гээд улс орнууд энэ судалгаанд оролцсон. Хятад, Японы судлаачдын судалгаа их сонирхолтой. Монгол, Хятад, Японоос нэг цаг үед буюу 2016-2017 онд судалгаа хийсэн. Ер нь Ази тивээс буюу Оросоос хамгийн түрүүнд сарьсан багваахайн white nose syndrom өвчлөл 2011 онд эхэлж дэгдээд Монгол, Хятад, Япон гээд тархсан. Бидний судалгаанаас өмнө бас нэг судалгааны үр дүн олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн. Тэр судалгаагаар юу гэж гарсан гэхээр анх энэ өвчин Хойд Америкт Европоос дамжин очсон. 2016-1017 оны өвөл Нью-Йоркийн нэг том агуйд сарьсан багваахайн энэ өвчин анх илэрсэн. Тухайн үед л анх мэдэгдсэн болохоос биш аль хэдийнэ Ази тивд энэ өвчлөл байсан байгаа юм. Гэхдээ энэ өвчнийг үүсгээд байгаа мөөг нь 2010 онд л шинжлэх ухаанд шинээр нээгдсэн. Энэ болтол бид мэддэггүй байсан гэсэн үг. Ази, Европ, Америк тивийг хамарсан өмнөх судалгаагаар Азийн сарьсан багваахайн white nose syndrom өвчин бусад тивийнхэн харьцуулахад хамгийн эрт, аль хэдийнэ байсан гэж дүгнэсэн.
-Энэ мөөгөнцрийн гаралтай өвчин сарьсан багваахайнаас хүнд халдах уу?
-Аливаа өвчнийг дамжуулдаг эзэн амьтан гэж бий. Мөн дундын амьтан буюу тухайн өвчнийг дамжуулдаг амьтан гэж байна. Сарьсан багваахайн энэ өвчин хүнд халдахгүй. Бусад амьтан ч өвчлөхгүй. Харин хүн болон ан амьтан, шувууд энэ вирусийн дамжуулагч тээгч болно. Орчны бохирдлоор энэ өвчин дамжиж байгаа. Агуйгаар жишээ авахад хүн ямар нэг агуй руу ороход тухайн агуйд байгаа вирусийг хувцсандаа тээж өөр цэвэр агуйд дамжуулах магадлалтай. Бидний судалгааны дүнд гаргасан зөвлөгөө бол сарьсан багваахай олон тоогоор ичиж байгаа агуйнуудад улс орон болгон судалгаа, мониторинг хийх, хяналт тавих, шаардлагатай бол хүн оруулахгүй байх явдал чухал. Сарьсан багваахайн ичдэг агуй руу хүссэн хүн болгон дураараа ороод байх юм бол маш аюултай. Хүн сарьсан багваахайн өвчнийг зөөвөрлөн дамжуулна. Энэ мөөгөнцөр тодорхой температурт л үрждэг. 05-10 градус дулаан хамгийн таатай орчин нь . 20-оос дээш температурт мөөгөнцөр амьдарч чадахгүй устдаг. Мөөгөнцрийн энэ таатай орчин нь сарьсан багваахай олноор байдаг ичдэг, үүрлэдэг агуй болчихоод байгаа юм. Сарьсан багваахай ичихээс бусад үед бол мөөгөнцрөөр халдварлахгүй гэсэн үг.
НИСЭЖ ЧАДДАГ ЦОРЫН ГАНЦ ХӨХТӨН
-Сарьсан багваахайг улс орнууд өөр өөрийнхөөр нэрлэдэг ч олон улсын нэршлээр бол гар далавчтан гэж нэрлэхээр тогтсон юм билээ. Энэ амьтан бодгалын хувьд их сонирхол татдаг?
-Дэлхий дээр 5000 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг. Үүний 1300 гаруй зүйл нь сарьсан багваахай. Тэгэхээр дэлхий дээр байгаа таван хөхтөн тутмын нэг нь сарьсан багваахай гэсэн үг. Яг таг хэлэхгүй 1300 гаруй гээд байгаагийн учир нь, одоо хүртэл сарьсан багваахайн зүйл шинээр нээгдэж байна. Гэтэл зарим зүйл нь устаж алга болж байна. Энэ олон төрөл зүйлүүд нь биеийн хэмжээний хувьд янз бүр. Хоол тэжээлээс хамаараад ийм харилцан адилгүй байдаг. Хамгийн жижиг сарьсан багваахай 1.5 грамм жинтэй, шүдэнзний хайрцагт багтахаар хэмжээтэй байдаг. Хамгийн том нь нисдэг үнэг гэдэг нэртэй, экваторын бүсээс урагш чийглэг дулаан цаг ууртай газарт амьдардаг сарьсан багваахай байна. Үр жимсээр хооллбдог энэ сарьсан багваахайн толгой яг үнэгнийх шиг. Тиймээс англиар flying fox буюу нисдэг үнэг гэдэг. Энэ сарьсан багваахайн жин 1.5 кг.Далавчаа дэлгэх юм бол нэг метр урт болдог гэхээр нэлээд том амьтан байгаа биз. Сарьсан багваахай шавьж, ургамлын цэцэг, бал, жимс, загас, бах мэлхий гээд янз бүрийн юмаар хооллодог. Амьтны цусаар хооллодог гурван зүйлийн сарьсан багваахай Өмнөд Америкт байдаг. Бид вампир сарьсан багваахай гэж нэрлэдэг. Сарьсан багваахай ийм олон янзын зүйлээр хооллож байна.
-Монгол орны сарьсан багваахайн тоо толгой, төрөл зүйл хэр олон бэ. Өсч байна уу, хорогдож байна уу?
-Монголд 19 зүйл сарьсан багваахай бий. Бидний хийж байгаа судалгаа тоо толгойг нь тогтоох зорилгогүй. Ийм судалгаанд үнэхээр хүрэлцэхгүй байгаа. Ингэж тоо толгойг нь нарийн тогтоох их хэцүү. Яагаад гэхээр ийм их өргөн уудам газар нутагтай, судалж байгаа хүн нь цөөн. Дээр нь сарьсан багваахай нүүдлийн амьтан. Тиймээс тоо толгойг нь гаргахад тодорхой хэмжээнд маш сайн төлөвлөгдсөн судалгаа хэрэгтэй. Монгол оронд хэд хэдэн судалгааны цэгүүдийг тогтоох, нэг ижил цаг хугацаанд ижил арга зүйгээр олон хүн зэрэг ажиллах, бөгж зүүх, дохиолол дамжуулах ч гэдэг юм уу, ингэж үндэсний хэмжээнд маш сайн төлөвлөж, хөрөнгө мөнгө, хүн хүч зарцуулсан ажил хийж байж бид тоо толгойг нь гаргахаас биш цөөн хэдэн судлаачийн хувьд бол хэцүү. Чух нуур дээр ч юм уу, Хустайн цогцолбор газар дээр ч гэдэг юм уу тодорхой газарт, тодорхой давтамжтай ,судалгаа хийж тэр орчмын сарьсан багваахайн тоо толгойг гаргаж болно. Гэхдээ тоо толгой нь нэмэгдэж байна уу, хорогдож байна уу гэдэг мэдээлэл хомс.
-Сарьсан багваахай Монголд хэр өргөн тархсан бэ?
-Сарьсан багваахай Монгол орны байгалийн бүх бүс, бүслүүрт тархсан. Манай оронд байгаа 19 зүйлээс дийлэнх нь, тодруулбал долоон зүйл нь говь цөлийн бүсэд тархсан байна. Түүнчлэн долоон зүйл нь ойд, 3-4 зүйл хээрийн бүсэд, мөн 3-4 зүйл өндөр уулын бүсэд тархсан байдаг. Өндөр уул, хээр талд сарьсан багваахайн зүйл цөөн, ойн бүс болон говьд илүү олон зүйлийн сарьсан багваахай тархсан байдаг.
-Монголд сарьсан багваахайн талаарх судалгааг хэр хийсэн юм бол?
-Социализмын үед ч, түүнээс өмнө ч Оросын эрдэмтэд судалсан. 1800-1900 онд зуун дамнасан судалгаануудыг хийсэн. Монголд Төв Азийн гэх тодотголтой олон экспедицүүд ирж, тэр хүрээнд сарьсан багваахайн талаар хийсэн судалгаа олон байдаг. Оросын судлаачид ер нь сонирхож судлаагүй юм гэж үгүй.
1800-гаад оноос эхлээд 1900 он дамнаад Соколов, Орлов, Козлов, Банников, Кузякин гээд Оросын олон эрдэмтэн өөр өөрийнхөө цаг үед судалсан. Оросууд сарьсан багваахайг летучие мыши буюу нисдэг хулгана гэж нэрлэж судалгааны ном олныг бичсэн. Тэдгээрийн дотор Монголын сарьсан базаахай-тухай оруулсан байдаг. Монгол орны тэр тэр хэсгээр явж, жишээ нь Хангайн нуруунаас тийм тийм зүйлийн сарьсан багваахайн дээж цуглууллаа гэх мэт бичсэн зүйл олон байдаг. Мөн 1950-аад оноос хойш 1990 он хүртэлх хугацаанд манай үндэсний эрдэмтэд судалсан. С.Дуламцэрэн гэж эрдэмтэн Монгол орны “Хөхтөн амьтныг тодорхойлох бичиг” гэж номдоо гаргасан. Энэ хүн сарьсан багваахайг их сонирхон судалж, онцлогийг нь анх гаргаж ирж байсан. Энэ хүнээс хойш миний багш, биологийн ухааны доктор Ж.Ариунболд үргэлжлүүлэн судалж байгаа.
-Сарьсан багваахай ичихээс гадна нүүдэллэдэг гэсэн. Хэр хол нүүдэллэдэг юм бэ?
-Дэлхий дээрх нисч чаддаг цорын ганц хөхтөн бол сарьсан багваахай. Нисч чаддагаараа шувуутай адил. Гэхдээ шувуу бол хөхтөн биш. Сарьсан багваахай нэгэнт нисдэг тул шувуу шиг нүүдэллэнэ. Нүүдлийнх нь хол ойр, хэв маягаас шалтгаалаад ойрын нүүдэл хийдэг, холын нүүдэл хийдэг гэж ангилдаг. 1000 километрээс хол нүүдэг бол алс нүүдэл хийдэг зүйл гэж ангилдаг. Сарьсан багваахайн алс хол нүүдэл хийдэг, ойрын нүүдэл хийдэг зүйлийн аль аль нь манай оронд байна. Бид нүүдлийг нь тандах, хэд насалдгийг нь судлах зорилгоор Их нартын байгалийн цогцолбор газар, Чух нуур, Хустайн нуруу, Төв аймгийн Эрдэнэсант сум зэрэг Монгол орны хэд хэдэн газраас янз бүрийн цаг хугацаанд сарьсан багваахай барьж бөгж зүүсэн. Гэхдээ эргэж баригдах нь хэцүү. Энд тэнд сарьсан багваахай барих судалгаа хийж байгаа ч цөөхөн хэд нь эргэж баригдсан. Бөгж зүүж байгаа нь олон улсын судалгаанд ач холбогдолтой. Магадгүй Хятад, Энэтхэгт ч юм уу бидний бөгжилсөн сарьсан багваахайг судлаачид барьж гэмээнэ бидэнтэй холбоо тогтоож мэдээлэл солилцох юм бол шинэ судлагдахуун болно. Олон улсад, ялангуяа Англид сарьсан багваахайн судалгааг маш сайн хийдэг. АНУ бас энэ төрлийн судалгааг сайн хийж байна. АНУ, Англи хоёрт сарьсан багваахай судалдаг хоёр том төв байна. Саяын судалгаанд Англид төвтэй Сарьсан багваахай хамгаалах дэлхийн хэмжээний том төвийн судлаачид оролцсон. Монголоос миний багш Ж.Ариунболд, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач Нямбаяр гэж доктор бид гурав оролцсон.
САРЬСАН БАГВААХАЙ ДОЛООН ТӨРЛИЙН КОРОНА БОЛОН ГАЛЗУУ ЗЭРЭГ 220 ТӨРЛИЙН ВИРУС ТЭЭДЭГ
-Хятадууд сарьсан багваахайг хоол хүнсэндээ их хэрэглэдэг. Үүнээс болж шинэ коронавирус буюу “Сovid-19” хүнд халдварласан гэж яриад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Тийм ээ. Хүн сарьсан багваахайг идэж байна. Ялангуяа Зүүн өмнөд Азийн орнууд тэр дундаа хятадууд сарьсан багваахайг их иддэг. Дэлхий нийтэд Bushmeat гэж ойлголт байдаг. Энэ нь үмх мах гэсэн үг юм даа. Зөвхөн сарьсан багваахай төдийгүй төрөл бүрийн шувуу зэрэг амьтдыг үмхийн төдий махных нь төлөө хоол хүнсэндээ олноор хэрэглэж байгаа нь олон зүйл амьтдыг мөхөлд хүргэж байна гэж үздэг. Мэдээж ийм үмх махтай жижиг амыдыг хүнсэндээ хэрэглэхийн тулд маш олноор барьж агнадаг.
Судалгаагар сарьсан багваахай 220 орчим зүйлийн вирус тээдэг болох нь тогтоогдсон. Хүнд хамгийн аюултайгаас нь л гэхэд бидний хамгийн сайн мэдэх галзуугийн вирусийг сарьсан багваахай тээж дамжуулдаг. SARS, МERS, эбола, хипа, лиса, нипа вирус гээд бидний мэддэг, мэддэггүй маш олон төрлийн вирусийг сарьсан багваахай өөртөө тээж, дамжуулж байдаг. Эндээс бидний өнөөдрийн асуудал гарч байгаа юм. Дэлхий дээр найман тэрбум гаруй хүн амьдарч байгаагийн 1.5 тэрбум нь Хятадад байна. Хүний наад захын хэрэгцээ нь хоол унд. Амьд байхын тулд хооллох шаардлагатай. Тэр олон хүний хэрэгцээг хангана гэдэг хэцүү. Дэлхийн нөөц шавхагдаж байна. Амьтад өсч үрждэг боловч шавхагддаг нөөц. Хүн дэлхий дээр урьд өмнө байгаагүйгээр байгальтай ойртож байна. Дэлхийн уушги болсон Амазоны ойд ашигт малтмал олборлож, ойг нь үгүй хийж байна. Энэ мэтээс болоод цаг уур дулаарч, Антарктидын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэж байна. Хүний үйл ажиллагаатай холбоотойгоор амьтдын тоо толгой цөөрч байна. Байгаль, цаг уур өөрчлөгдөж байна. Хүн амьтадтай урьд өмнө хэзээ ч түүхэнд байгаагүй ойртож байна.
Сарьсан багваахайг Зүүн өмнөд Азийн Индонези, Малайз, Филиппин, Хятадад хоолонд хэрэглэдэг. Сарьсан багваахайн шөл гэж байна. Сарьсан багваахайг шууд барьж аваад эрүүл ахуйн шаардлага хангасан, хангаагүй нь тодорхойгүй байдлаар чанаж болгож байгаа юм. Тэр нь бас шаггүй үнэтэй хоол. Монголчууд тойгны шөл уухаар ядаргаа тайлдаг гэдэг шиг л сарьсан багваахайн шөлийг тансагт тооцно. Баргийн хүн аваад идчихдэггүй юм билээ. Ялангуяа тухайн улс орны уламжлалт баяруудын үеэр сарьсан багваахайн шөл түлхүү зарагддаг, хүмүүс түүнийг олж идэх гэдэг юм байна.
Түрүүнд хэллээ сарьсан багваахай 220 орчим вирус тээдэг гэж. Тэр бүх вирусийг шууд барьж аваад идэж байгаа гэсэн үг. Вирусээр хүн хооллож байна гэж хэлж ч болно. Ийм нөхцөл байдал амьтнаас хүнд вирусийн халдвар дамжих, улмаар хүнээс хүнд халдварлах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
-Коронавирус сарьсан багваахайд байдаг юм бол саяын энэ шинэ вирусийн тээгч дамжуулагч байж мэдэх нь ээ дээ?
-Саяын шинэ вирусийг гарахаас өмнө дэлхийн шинжлэх ухаан зургаан янзын коронавирусийг нээгээд судалчихсан. Тэдний хоёр нь SARS, MERS. Гэтэл энэ удаагийн долоо дахийг нь яагаад novel coronavirus буюу шинэ коронавирус гээд байгаа юм гэхээр нэршил дээр нь хүртэл нэг хэсэг маргалдлаа. ДЭМБ-ын нэр томьёоны комисс үүнд маш их ач холбогдол өгч, нухацтай хэлэлцэж байгаад “Covid-19” гэж тогтлоо. 2019 онд гарюан шинэ коронавирус гэдэг утгаар ингэж нэрлэсэн. Коронавирусийн энэхүү долоо дахь хэлбэр өмнө нь мэдэгдээгүй учраас бидэнд шинэ сорилт болж байна. Өмнөх зургаан төрлийн коронавирус сарьсан багваахайд байж л байгаа шүү дээ. Тиймээс шинэ коронавирус ч гэсэн сарьсан багваахайнаас үүссэн байх магадлал хамгийн өндөр.Гэхдээ сарьсан багваахайд энэ вирус бий гэж болохгүй. Шоргоолж идэштэн панголин гээд дэлхий дээр ховордож устаж байгаа амьтан бий. Энэхүү панголинд коронавирус байх магадлалтай гэж таамаглаж нэлээд олон судалгаа хийсэн байдаг. Хүмүүс их туйлширч байх шиг байна. Зөвхөн сарьсан багваахайг гэж хардах сэрдэх буруу. Маш олон амьтанд коронавирус байдаг. Хүнээс гадна сарьсан багваахай, муур, шувуу, нохой, гахай, хулгана, таван хошуу малаас адуу, хонь, үхэр тэмээ, бүр далайн хав хүртэл коронавирус тээвэрлэдэг. Хамгийн анх коронавирусээр 1960-аад онд хүн өвчилсөн тохиолдол гарсан. SARS-ын коронавирус 2003 онд шинжлэх ухаанд нээгдсэн. МERS 2012 онд мэдэгдсэн. Коронавирус дотроо альфа бета, вай, дельта гэж дөрвөн янз байдаг. Хүн төрөлхтөнд хамгийн аюултай асуудал болоод байгаа нь альфа, бета нь. Сарьсан багваахайд байгаа коронавирус нь альфа, бета төрлийнх. Хүнд энэ хоёр төрлийн коронавирус нь халдварлаж байгаа.
-Сарьсан багваахайн овог, төрөл зүйл бүхэн биеийн хэмжээ хийгээд хоол хүнсний хувьд ч харилцан адилгүй гэлээ. Тэр бүх төрөл зүйл нь коронавирусийг тээж байдаг уу?
-Сарьсан багваахайн 18 овог байдаг. Тэр нь дотроо олон төрөл, зүйлийг багтаадаг. Эндээс 11 овогт нь коронавирус халдварлаад байгаа. SARS анх 2002 онд Хятадын Гуандуны амьтны зах дээр хоёр зүйл махчин амьтнаас илэрсэн. “Сovid-19" ч адилхан. Уханий амьтны захаас илэрлээ. Амьтны зах дээр хүнсэнд хэрэглэх бүх төрлийн амьтныг амьдаар нь ч зардаг. Махыг нь ч зардаг. Сарьсан багваахайг мөн ялгаагүй бариад амьдаар нь зардаг юм билээ. Коронавирус тээж дамжуулж байгаа сарьсан багваахайн 18 овгоос Монголд дөрөв нь байна. Тухайлбал, Улаан номд орсон дорнын сармаахай гэж байгаа. Хээр талд ихэвчлэн тархсан энэ овгийн сарьсан багваахай коронавирус тээдэг нь тодорхой болсон. Монголд байгаа сарьсан багваахайд коронавирус байна гээд шууд хэлэх нэг өөр. Ноднин нэг хэсэг хятадууд сарьсан багваахайн үүр авна гэж зар тараагаад, түүнээс болж манайхан уул хадаар тэнэж хайгаад бөөн юм болсон. Тухайн үед манай Гар далавчтан судлах төв рүү хүмүүс их холбогдож асууж байсан. Энэ нь маш эрсдэлтэй. Тухайн амьтныг алж хөнөөн үүр ичээг нь сүйтгэх буруу. Тухайн хүн өөртөө ч, өрөөлд ч эрсдэл дагуулна. Янз бүрийн вирусийн халдвар авах магадлалтай. Тиймээс шинжлэх ухаанд итгэж, судлаач, эрдэмтдээс мэдээлэл авч байх нь зүйтэй шүү.
ГАЗАР ТАРИАЛАН, ОЙ МОДНЫ ХАМГИЙН САЙН ХАМГААЛАГЧ
-Сарьсан багваахайн сайн тал юу байна. Байгаль дээр илүү, дутуу зүйл гэж байдаггүй гэдэг шүү дээ?
-Сарьсан багваахай 70 сая жилийн өмнө үүссэн. Гэтэл хүний үүслийг судлаачид дөнгөж 200 мянган жил гэж тогтоогоод байна. Тэгэхээр маш эртний амьтан. Байгаль дээр байгаа амьтад хоорондоо шүтэлцээтэй. Сарьсан багваахайн хооллолт олон янз гэж дээр хэлсэн. Зөвхөн шавжаар хооллодог Сарьсан багваахай гэхэд бидний эргэн тойронд байдаг дэнгийн эрвээхэй, ялаа, шумуул зэрэг шавжийг идэж устгадаг. Нэг сарьсан багваахай нэг цагийн дотор мянга орчим шумуул иддэг гэсэн судалгаа байдаг. Ой модыг сүйтгэдэг хортон эрвээхэйг мөн иддэг. Үүгээрээ ой модыг хамгаалагч гэсэн үг.
Гадаадад сарьсан багваахай шиг хэрэгтэй амьтан байхгүй. Олон сая га тариан талбайд ногоо тариалдаг улс орнуудад хортон шавжийг нь сарьсан багваахай л идэж устгадаг. Хэрэв сарьсан багваахай байхгүй бол бид гадил идэж чадахгүй. Эквадор улс гадилын экспортоор дэлхийд тэргүүдэг. Гэтэл гадилын тоосыг хүртээж, үр жимсийг нь боловсруулахад сарьсан багваахай гол үүрэгтэй. Тэгэхээр асар нарийн шүтэлцээтэй байгаа биз. Маш олон ховор ургамал, модны үрийг сарьсан багваахай түгээж, тараадаг. Жимсээр хооллодог сарьсан багваахай тухайн ургамлын үрийг нь идлээ гэхэд тэр нь ялгадсаар нь гараад хаа нэгтээ ургана. Мөн далавч, биеэрээ тоос хүртээнэ. Ийм ач холбогдолтой. Олон сая га тариалангийн талбайг хортон шавжаас хамгаалахын тулд сарьсан багваахайн үүр эргэн тойронд нь барьдаг. Нөгөө талаар сарьсан багваахайг шар шувуу иднэ. Могой мөн түүгээр хооллоно. Бүргэд ч сарьсан багваахайг иднэ. Сарьсан багваахай ийнхүү хортон шавжаар хооллож, эргээд өөрөө байгаль дээрх бусад амьтдыг хооллодог ийм гинжин хэлхээтэй.
-Саяын олон улсын судалгаагаар та нар сарьсан багваахайн өөрийнх нь өвчнийг судалсан юм байна. Цаашид коронавирустэй холбож судлах уу?
-Тийм төлөв байгаа. Өнгөрсөн оны есдүгээр сард “Нэг эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголд болсон. Тэр хуралд манай Гар далавчтан судлах төвийнхөн оролцож Монголд хийгдэж байгаа сарьсан багваахайн судалгаа, тэр дундаа мөөгөнцрийн өвчлөлийн талаарх судалгааныхаа үр дүнгийн талаар танилцуулсан. Тэр хуралд Монголд вирусийн судалгаа хийж байгаа, эрдэмтэд оролцсон. Монголын нэг эрдэмтэн сарьсан багваахайн галзуугийн вирусийг судалж байгаа юм билээ. Америкийн судлаачидтай хамтрах чиглэлд бид явна. Дэлхийн судалгаа шинжилгээний хандлага вирусийн өвчлөл, амьтдын өвчнийг судлах чиглэл рүү явж байна. Хүн төрөлхтөнд ямар өвчин вирус халдах эрсдэлтэй вэ, бид яавал түүнээс өөрсдийгөө хамгаалах вэ гэдгийг судлахад анхаарах болсон. Бидний судалгаа ч энэ чиглэл рүү явах байх. Гэхдээ энэ бол маш өндөр түвшний, маш их мэдлэг, туршлага шаардсан ажил. Хөрөнгө хүч, хамтын ажиллагаа шаардсан судалгааны ажил. Ганц нэг хүн, ганц судалгааны төв хүчрэхгүй. Төр засгаас дэмжээд, судалгаа хийх хөрөнгө мөнгийг нь гаргаж, бодлогоор дэмжээд өгвөл мундаг судлаачид олон байна.
-Галзуугийн вирус сарьсан багваахайгаар дамжин халдварладаг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй?
-Галзуу чоно, нохойноос малд халддагийг бид мэднэ. Одоо хавар болж байна. Галзуу өвчний асуудал яригдана. Галзуурсан үнэг, чоно малчны хот руу орж ирдэг. Чононд зуулгасан нохой галзуурдаг. Сарьсан багваахай ч хүн, амьтныг хазна. Галзуу өвчин амьтны шүлсээр дамжина. Галзуурсан нохойд хазуулсан амьтан галзуурдаг шүү дээ. Сарьсан багваахай яг үүнтэй адил дамжуулагч болдог. Тиймээс хүн аль болох зэрлэг амьтдын амьдрах орчин руу түрж орохгүй байх нь чухал. Зэрлэг амьтдыг судалгааны зорилготой л биш бол барих, тэжээх шаардлага байхгүй. Аль болох амьдрах орчин руу нь халдахгүй байх ёстой.
Яагаад сарьсан багваахай зэрэг зэрлэг амьтад өвчлөөд байна гэхээр амьдрах орчин руу нь хүн хэт түрж орж байнд. Хүний хөл хүрээгүй, онгон зэрлэг газар дэлхий дээр байхгүй болсон. Амьтдын идэш хоолыг хүн булааж идэж байна. Тэгэнгүүт амьтад төв суурин руу орж ирж байна. Африкт арслан, бар шөнө хот сууринд орж муур, нохой барьж идэж байна. Монголд баавгай айлын гэр хот руу дайрч байна. Зэрлзг амьтад байгаль дээрээ хоолох аргагүй болоод байна. Сарьсан багваахай ч сүүлийн үед хүнд илүү ойртож байна. Зуслангийн байрны дээвэр хонгил, хуучин гүүрэн доор үүрэлдэг байсан бол одос бүр төвийн айлуудын гэрт орж ирдэг болсон. Зун манаг төвд их дуудлага ирдэг. Хотын төвийн айлуудын гэрт сарьсан багваахай ороод ирчихлээ гэх мэт дуудлага ирнэ. Бид ийм тохиолдолд зөвлөгөө өгдөг. Сарьсан багваахай ер нь хүнтэй ойр амьдарч ирсэн. Үүр ноохой барьдаггүй учир хүний бүтээсэн барилга, байгууламжид үүрлэдэг онцлогтой.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин