Сонгууль болгоны өмнө амь ордог 1072 хувьцааны ноогдол ашгийг энэ удаад иргэдэд өгөхөөр болсон. Тодруулбал, нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож 96,480 төгрөгийг 1072 ширхэг хувьцаатай иргэнд өгөхөөр шийдвэр гаргасан юм.
Монгол Улсын Засгийн газар одоогоос 9 жилийн өмнө буюу 2011 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ноогдсон. Гэхдээ энэхүү хувьцаа нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүст хамаарна.
Тухайн үед 1072 ширхэг хувьцааг хүн бүрт хуваарилан өгсөн ч зарим залуус сургалтын төлбөртөө өгөх зарчмаар хувьцаагаа сольж байсныг та бүхэн санаж буй биз. Мөн ахмад настангуудад эрдэнийн хувь гэж 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгэхээр өдгөө иргэн бүрийн эзэмшиж буй хувьцааны тоо өөр өөр гэсэн үг юм. Тухайлбал,
-
2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
-
2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
-
2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
-
Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр авч байжээ.
Хэдэн ширхэг хувьцааг хэдэн иргэн эзэмшиж байгааг дараах хүснэгтэд тусгав.
Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг |
Тус хувьцаанд ногдох үнэ /₮/ |
Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо |
---|---|---|
527 |
47,130 |
10,844 |
536 |
48,240 |
28,160 |
741 |
66,690 |
334,519 |
750 |
67,500 |
667,898 |
848 |
76,320 |
41,359 |
857 |
77,130 |
131,256 |
955 |
85,950 |
9,393 |
964 |
86,760 |
34,491 |
1,063 |
95,670 |
56,346 |
1,072 |
96,480 |
1,080,592 |
Одоогийн байдлаар 1,072 хувьцаа эзэмших эрхтэй мөртлөө бүртгүүлээгүй 580 мянган иргэн байгаа гэнэ. Иймд эдгээр иргэд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд болох Хувьцаа эзэмшигчдийн хурлаас өмнө амжиж бүртгүүлэхгүй бол ногдол ашгаа авах боломжгүй болно гэдгийг анхааруулж байна.
ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ ГУРВАН АЛХАМ
1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.
НЭГДҮГЭЭР АЛХАМ: Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл ЭНД дарж, өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой. Харин Монгол улсын Үндэсний Аж Ахуйн Нэгжүүд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигч болсноо шалгахыг хүсвэл мөн адил дээрх цахим хуудсанд буй "Регистр" гэсэн холбоосыг дарна. Мөн 1800-1072 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой юм.
ХОЁРДУГААР АЛХАМ: Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.
-
Үйл ажиллагаа явуулсан туршлага, нэр хүнд
-
Тогтмол үйл ажиллагаа явуулдаг эсэх
-
Байршил, техник тоног төхөөрөмж, харилцах боломжууд гэх мэт
-
Данс нээлгээгүй тохиолдолд брокерын компанид хандан данс нээлгэх боломжтой.
ГУРАВДУГААР АЛХАМ: Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ.
-
Иргэний үнэмлэх
-
Төрсний гэрчилгээ /насанд хүрээгүй хүүхдийн/
-
Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авч болно.
-
Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.
БРОКЕРОО ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Монголд үйл ажиллагаа явуулж буй брокерийн компанийн мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой.
Данс нээлгэсэн бол дахин нээлгэх ШААРДЛАГАГҮЙ
Хэрэв өмнө нь брокер компанид хандан хувьцааны данс нээлгэж байсан бол дахин данс нээлгэх шаардлагагүй юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг 2 511 000 иргэн эзэмшдэг. Тэдний 623 мянга нь хувьцааны данс нээлгэсэн байна. Үлдсэн 1.8 орчим хувьцааны дансаа нээлгэж байж 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь үүсэх юм.