Олон улсын эсэргүүцлийг үл харгалзан Олимпын бамбар Токио хүрэх замдаа гарлаа
Эртний Грекийн Панафинейскийн цэнгэлдэх хүрээлэнд 2020 онд Токиод болох ёстой Олимпын тоглолтын галыг шилжүүлэх ёслол болж энэ оны 7-8 сард болох спортын их наадмын бамбар Токио орох замдаа гарсан юм.
Бамбарыг тухайн Олимпыг зохион байгуулах хороонд хүлээлгэн өгөх ёслол энэ удаа урьд өмнө байгаагүй даруухан болж өнгөрсөн нь Европ даяар тархаж байгаа вирусийн халдварын аюулаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой билээ. Хүндэт зочид, үзэгч, сурвалжлагч байхгүй нөхцөлд Олимпын бамбарыг “Токио2020”-ын төлөөлөгчдөд дамжуулсан байна.
Олимпын галыг гаргаж авсны дараа уламжлал болсон Грекийн нутаг дамжин бамбар дамжуулах буухиа гүйлтийг цуцалсан төдийгүй 3-р сарын 19 нд болсон энэ ёслолд Грекийн ерөнхийлөгч болоод зургаа хонож байгаа Катерина Сакелларопулу ч ирээгүй юм.
Олимпын галыг асаах ёслолд Грекийн хоёр тамирчин оролцсон нь олимпын аварга Катерина Стефаниди болон Лефтерис Петрунис нар байжээ. Японы талаас тамирчид ирэлгүй, видеогоор тамирчдын мэндчилгээг дамжуулсан байна.
Уг ёслолд зориулан бэлдэж байсан 50 гаруй жүжигчин оролцох театрын тоглолтыг цуцалж, Олимпын бамбар дамжуулах ганцхан жүжигчин-элч тайзан дээр гарч Грекийн Олимпын хорооны дарга Спирос Капралосд гардуулсан юм. Тэрбээр 1996 оны Атлантын Олимпын аварга , усанд сэлэгч, Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны ажилтан Наоки Иматод тус бамбарыг дамжуулан өгсөн аж.