Х.Баттулга, М.Энхболд хоёр тохирч, 60 тэрбумын хэрэг “гацсан” гэв үү?
Эрх баригч МАН-д ЖДҮ-гийнхэн, 60 тэрбумынхан гэдэг хоёр хуваагдсан бүлэг бий.
ЖДҮ-гийн хэрэг шүүх дээр оччихсон. Сайд асан Б.Батзориг тэргүүтэй, ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнхан хэргийн буруутан болоод байна. Тэднийг шүүн хэлэлцэх хугацаа нь хойшлоод байна. Энэ хэрэгт холбогдсон зарим гишүүний хэргийг тусгаарлан мөрдөн шалгаж, одоо прокурорын шатанд хянагдаж байгаа талаар НПГ-аас мэдээлсэн.
Олон нийтийн хувьд МАН удахгүй болох сонгуульд ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл намд тэр хэрээр хасах оноо ирж таарна.
МАН-ын нөгөө хэсэг болох 60 тэрбумынхан маш хүнд байгаа гэхэд болно. Тэдний дийлэнхийг энэ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл байгаа. Учир нь М.Энхболдыг дагасан хэсэгт сонгуулиар хатуурхана гэдгээ У.Хүрэлсүх аль хэдийнээс мэдэгдсэн гэхэд болно. Тэгээд ч М.Энхболд нарт сонгуулиас чухал асуудал бий.
Тэр нь улигт 60 тэрбумын яриа бөгөөд эрүүгийн гэмт хэрэг болж, шүүхээр хүртэл орчихоод байгаа юм. Бүтэн дөрвөн жил хүний өөрийн намынхны улстөржилтийн сэдэв, хууль шүүхийн байгууллагын шүдний өвчин болж буй 60 тэрбумын хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд шүүхийн шийдвэр сонссон.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 60 тэрбумын ярианд оролцсон дөрвөн хүний хоёрт нь тус бүр дөрвөн жилийн ял оноосон. Тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, уг “стратегт”-ийг зохиогч гэгддэг Г.Доржзодов нар үлдэж Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар хоёр шийтгүүлсэн. Тэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал нь 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Тиймээс хэргийг прокурорт буцаасан. Үүнтэй зэрэгцээд олон нийт УИХ-ын гишүүн М.Энхболдын асуудлыг ч хөндөж байв.
Түүнээс хойш бүтэн гурван сарын хугацаа өнгөрлөө. 60 тэрбумын хэрэг хаана яваа нь таг чиг болж, Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Цагдан хорих төвд гацаж орхив. Энэ сацуу 60 тэрбумын хэрэг замхрах тал руугаа орлоо гэх яриа улс төрийн хүрээнд гарч эхэллээ. Учрыг нь ихээхэн сонин байдлаар тайлбарлаж байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, ямар нэг яриа тохироо хийсэн гэж байна. Шүүх уг хэргийг буцаахдаа иргэн Г.Доржзодовыг “дуудсан” юм. Г.Доржзодов хэн билээ, хэнтэй ойр байсан бэ гэдгийг олон нийт мартаагүй.Юутай ч нэгэн сонгуулийн хоёр өрсөлдөгчийн ярианы дүнд 60 тэрбумын хэрэг ийм байдлаар нам жим болж буй бололтой.
Гэхдээ энэ баттай эсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Удахгүй 60 тэрбумын хэргээр тохирсон уу, үгүй юу гэдэг тодорхой болно гэсэн үг.
Г.Бадам
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин