ЭМЯ-аас өгсөн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдэгдлийг хийлээ.
"2020 оны гуравдугаар сарын 15 -нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 244 хүний шинжилгээ үндсэндээ хийгдэж дууслаа. Өнөөдөр 153 хүний шинжилгээний хариу гарсан бөгөөд коронавирус илрээгүй. Урд нь ойрын хавьтал болох 89 хүний шинжилгээний хариу сөрөг гарсныг мэдээлсэн.
Өчигдөр буюу гуравдугаа сарын 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй сайн мэдээ байна. 21-ний хувьд 90 хүн ажиглалтад орсон мэдээ байна. Гуравдугаар сарын 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
Урьд нь бид танилцуулж байсан. Эмнэлэгт хэвтэж байгаа уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авсан. Энэ нь бидний дотор байна уу гэдгийг тандаж баталгаажуулах судалгаа. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Бид ирж байгаа онгоцыг хянахаас гадна дотор байгаа эмнэлгүүдээ тандаж хянаж байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа. Бидний эмчилгээ зөв байна. Хоёр өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан нь өдөр ирэх тусам сайжирч байгаа сайн мэдээ өгье.
Заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш лабораторийн шинжилгээгээр зарим тохиолдлыг баталгаажуулж илрүүлж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Өнөөдөр сайхан мэдээ өгч байгаадаа баяртай байна" гэв.