Өвчин зовлон хүнийг баян ядуу гэж ялгахгүй ирэх боловч харин эдгээр хүмүүсийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга, боломж нь дэндүү их ялгаатай байна. Зарим нэг чинээлэг хүн нь жирийн хүн хэзээ ч мөрөөдөхгүй гэмээр арга замыг сонгон энэ өвчнөөс зугтан зайлж байгаа билээ. Тэгвэл энэ асуудлыг хөндсөн "Der Spiegel" сонины нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Одоогийн байдлаар 300 мянган хүн коронавирусын халдварт өртөж, 13 мянган хүн амь насаа алдсан тухай Америкийн Жон Хопкинсийн коронавирусыг судлах төв мэдээлж байгаа бол ДЭМБ-ийн мэдээллээр энэ өвчин 160 давсан тоотой улсад тархаад байна.
Вирусийн тархалт нь тодорхой хүний нийгмийн ямар давхаргад хамаардаг зэргийг үл ялгах боловч хүн болгон энэ өвчний өмнө адил тэгш гэж хэлэх арга алга.
Тахлаас зугтаах нэг арга нь хувийн онгоц
Энэ дэлхий дээр хамгийн их хүний нягтралтай газар бол яах аргагүй нисэх буудал. Онгоцонд зорчигчид хоорондоо маш ойрхон суудаг билээ. Харин ийм хавчигдсан, өвчин тарах аюултай байдлаас зайлсхийх нэг арга нь хувийн онгоцоор нисэх юм.
Insignia Group-ын ажилтан Ричард Льюсын хэлж байгаагаар бол хувийн онгоц түрээслэх, хэрэглэх гэсэн хүсэлт, захиалга огцом өсөх болжээ. Ихэнхдээ алсын нислэг захиалсан байх бөгөөд түүний энэ компани нь чинээлэг хүмүүсийн аялал зугаалгыг зохион байгуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг юм. Сүүлийн үед уг компанид ирэх захиалга нэмэгдэж байгааг тэрээр “ тэд бусад хүмүүстэй ойрхон байж, нэг онгоцонд олуулаа байх хүсэлгүй байгаа” хэмээн тайлбарлажээ.
Гэхдээ энэ бүхэн нь өөрийн гэсэн үнэтэй. 12 хүний суудалтай Gulfstream IV онгоцоор Нью-Йоркоос Лондон нисэх хоёр талын үнэ 140 000 орчим доллар болох ба суудал болгон дээр нэг сууна гэж үзвэл нэг хүний 11700 доллар болох нь.
Иймэрхүү ажил эрхэлдэг бусад компанийн захиалга ч бас их байгаа гэнэ. Сүүлийн үед вирусын тархалт их байгаа бүс нутгаас зугтах “дүрвэлтийн рейсүүд” улам бүр их болж байна. Том компани, баян гэр бүлийнхэн үүний тулд хувийн онгоцнуудыг түрээсэлсээр.
Эхний үед иймэрхүү онгоц түрээслэх захиалгыг зүүн өмнөд Азийн улсуудаас их авч байсан бол одоо бараг л дэлхийн өнцөг булан бүрээс нисэх буудал, боомт зэрэг газарт олны дунд хутгалдахгүй, өөрийгөө өвчнөөс хамгаалах гэсэн хүмүүсээс ирдэг болсон хэмээн Private Fly компанийн тэргүүн Адам Тиндалл хэлсэн байна.
Хувийн онгоц, усан онгоц захиалах явдал өсөн нэмэгдэж байгаа ч эдгээр үйлчилгээг үзүүлдэг компаниуд нь өөрсдийн энэ үйл ажиллагаанаас болж вирусийн халдвар гадагшаа тархах бий гэж санаа зовж байгаа юм. “Энэхэн зуурын ашгаас илүү урт удаан хугацааны ашиг орлого нь бидний хувьд гол зорилго байдаг ба вирусийн тархалт нь тэрхүү урт хугацааны ашиг орлогод нь хамгийн их заналхийлж байгаа юм” хэмээн Тинделл ярьжээ.
Эмнэлэг доторх хувийн жижиг эмнэлэг
Эмнэлгийн үйлчилгээнд VIP гэж хэлж болох тусгай үйлчилгээ угаас байдаг. Харин Нью-Йоркийн Sollis Health компани нь өөрийн үйлчлүүлэгч нарт «консьерж-сервис» буюу тухайн хотын хамгийн шилдэг эмнэлэгүүдэдээс тусгай үйлчилгээг ихээхэн өвөрмөц байдлаар авах боломж олгож байгаа юм байна. Жилийн 8000 долларын үнэтэй энэ үйлчилгээнд хамрагдсанаар
- Ямар ч цагт эмчид үзүүлэх бүрэн боломжтой
- Яаралтай үед эмч мэргэжилтэнд үзүүлэх хамгийн хурдавчилсан боломжтой
АНУ-д коронавирус тархаж эхэлснээс хойш ийм үйлчилгээ авах гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Ийм үйлчилгээнд хамрагдсан хүмүүс нь найдвартай байхын тулд ханиад томууны эм тариа их хэмжээгээр цуглуулснаас гадна амны маскны хувьд ихээхэн санаа зовдог гэнэ. Эмч нарын хэлж байгаагаар бол тусгай үйлчлүүлэгч нар маань байнга л чанартай маск шаардах болжээ.
Тэдний энэ айдас нь оригинал, мэргэжлийн дизайнерын бүтээсэн маск гарах нэг нөхцөл болж байна. Жүжигчин Гвинет Пэлтроу нь 2-р сарын сүүлээр өөрийн инстаграм дээр Airinium фирмийн хар маск зүүгээд Парист болох загварын шоуд оролцохоор явж байгаа тухай зургаа тавьсан байдаг. Үүнээс хойш энэ фирмийн бүх маск дууссан төдийгүй дараагийн хэсэг нь 4-р сараас нааш ирж амжихгүй гэнэ. Гэтэл энэ маскны ширхгийн үнэ нь 69-99 доллар юм.
Мэргэжилтнүүд нь хүмүүсийг маск худалдан авахаа болихыг уриалж байна. АНУ-ын томоохон эмч-түшмэл болох Жером Адамс нь “...боль, би үнэнээсээ хэлж байна. Маск авахаа боль” гэж твиттер дээр бичсэн бөгөөд эдгээр маск нь халдвараас сэргийлж чадахгүй, зөвхөн эмч нарт зориулсан хэрэгсэл гэж тэрээр тайлбарласан байдаг.
Мөн Пэлтроугийн постын дор буруушаасан чиглэлтэй коммент олон байсан бөгөөд тэдгээрийн ерөнхий утга нь “ямар ч нэмэргүй, мэдээллийн болон нийгмийн ямар ч хариуцлагагүй үйлдэл” гэсэн байв.