Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн ААН-үүдийг 29 сая төгрөгөөр торгожээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн Засаг даргын “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/223, А/333 дугаар захирамжийн дагуу түр зогсоосон газруудад хяналт шалгалт хийж буй.
Энэ хугацаанд зөрчил гаргасан 43 аж ахуйн нэгжид нийт 29 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зургаан газрын тусай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын албанд хүргүүлжээ.
Тодруулбал, НЗД-ын 2020 оны А/223 дугаартай захирамжийн хүрээнд 794 аж ахуйн нэгжийн 945 баарны үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар зогсоосон.
Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хуваарийн мөрдөлтийг зөрчсөн 11 аж ахуйн нэгж, иргэнд нийт 12.5 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Харин НЗД-ын А/333 захирамжийн дагуу үйл ажиллагаа нь түр хугацаагаар зогссон худалдаа үйлчилгээний 4,759 газраас 32 зөрчил илэрчээ.
Зөрчил гаргасан 16 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 1,800,000 төгрөг, гурван хуулийн этгээдэд 2,500,000 төгрөг нийт 4.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.