Өмнөд Солонгос гадаад улсаас ирж буй зорчигчдыг тусгай журмаар нэвтрүүлж эхэллээ
БНСУ-ын Засгийн газар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны гуравдугаар сарын 19-ний 00.00 цагаас эхлэн гадаад улсаас ирж буй гадаад, дотоодын бүх зорчигчдыг тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлэхээр шийдвэрлэв. Үүнд:
- Зорчигчдын биеийн халууныг хэмжинэ.
- Зорчигчид эрүүл мэндийн асуумж бөглөнө.
- Зорчигчид аяллын мэдүүлэг бөглөнө. Үүнд БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа заавал бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэг зөрүүтэй бол хил нэвтрүүлэхгүй.
- Зорчигчид өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр бүр уг аппликейшнээр дамжуулан мэдээлнэ. Тухайн зорчигчид өвчний анхны шинж тэмдэг 2 өдөр дараалан илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.