Коронавирусийн тархалт Европыг чиглэсэн цагаачдын цувааг зогсоожээ
3-р сарын 17-нд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нь нь Германы канцлер Ангела Меркель, Францын лидер Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай короновирусын тархалтын эсрэг хамтарсан тэмцэл хийх, дүрвэгсдийн асуудал, Сирийн Идлибийн нөхцөл байдал, Турк болон ЕХ улсуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан тухай Эрдоганы хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Коронавирус нь энэ ярианы хамгийн чухал сэдэв болсон бөгөөд чухам энэ өвчнөөс болж Стамбулд болох ёстой байсан хэлэлцүүлэг нь видео уулзалт болон өөрчлөгдсөн билээ. COVID-19 –ын аюул нь одоогоор Европт илүү чухал сэдэв болоод байгаа бөгөөд одоогоор энэ бүст 60 мянган хүн халдвар авч 3 мянга орчим хүн нас бараад байгаа юм.
Харин Туркд байдал арай дээр, 200 гаруй өвчтөн байгаагаас 2 хүн нас бараад байна. Гэсэн ч Туркийн эрх баригчид ЕХ-ны олон улстай хийдэг агаарын харилцаа холбоог зогсоож, улс дотроо олныг хамарсан ямарваа нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.
ЕХ нь хилээ гадаадын улс орны иргэдээс бүтэн сарын хугацаагаар хаах зэргээр илүү хатуу арга хэмжээ авч байгаа ба ийм аргаар ЕХ төдийгүй бусад улс орныг халдварт вирусийн аюулаас хамгаалж болно гэж тэд тооцож байгаа юм.
Их Британид коронавирус мөн хурдацтайгаар тархаж байгаагийн улмаас 3260 хүн халдвар авсан, 144 нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Эрх баригчид нь мөн л Европчуудын вирустэй тэмцэх арга барилыг сонгон хэрэглэх бололтой.
Анх энэ дөрвөн удирдагчийн уулзалт нь коронвирусын тухай биш харин дүрвэгсдийн асуудал байсан юм.
2-р сард Турк нь хилээ нээснээр Сирийн болон бусад дүрвэгсэд баруун Европ руу чиглэн хөдөлж ЕХ-ны улс орны удирдагчдыг ихээхэн түгшүүлсэн үйл явдал эхэлсэн байна.
Дүрвэгсэд Туркийн нутгаар дамжин Грек, Болгар улсыг чиглэн явсан ба тэдгээрийн тоог бараг сая хүн байсан гэж үздэг. Тус хоёр улс хилээ яаралтай хаасан боловч 147 000 гаруй дүрвэгсэд Европын нутагт нэвтэрсэн байж болох тухай мэдээ бий.
Дүрвэгсдийн энэ их цувааг зогсоохын тулд Грекийн засаг захиргаа ус цацах, нулимс асгаруулагч хий, хуванцар сум хэрэглэх зэрэг хатуу арга хэмжээ авч байсныг нь Брюссель бүрэн дэмжсэн төдийгүй ЕХ-ны хил хамгаалах Frontex агентлагийн нэмэлт отрядыг тэдэнд тусламж болгон явуулсан байна.
Мөн Европын нутагт дэлгэрэн байгаа коронавирусын тархалт ч энэ цувааг зогсоход нөлөөлсөн байх магадлалтай юм. Грект л гэхэд 334 хүн өвчилж, 4 хүн нас барсан байна. Гэхдээ ЕХ-г чиглэх дүрвэгсэд нь хил давах гэсэн оролдлогоо зогсоохгүй хэвээр байгаа билээ.
Анкара нь Европ чиглэх дүрвэгсдийг хорьж зогсоохоо больсон нь Брюсселийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэг гэдгийг хэлэх хэрэгтэй. 2016 онд ийм тохироо бүхий гэрээ хэлцэл хийж ЕХ нь энэ ажлыг санхүүжүүлэхэд нь зориулж Туркэд 6 тэрбум евро өгөхөөр болсон байдаг.
Гэрээний нөхцөлөөр Анкара нь Сирийн нэг дүрвэгчийг Европ орох хилээрээ нэвтрүүлээд оронд нь хууль бусаар Европод очсон нэг дүрвэгчийг буцаан авах ёстой бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлснээр таван жилийн өмнө болсон дүрвэгсдийн хямралыг зогсоож чадсан юм. Тухайн үед Европод сая гаруй хүн нэвтрэн орсон байснаас 2019 он гэхэд Сирийн бус дүрвэгсдийн 2/3-ыг буцаан гаргасан байна.
Ийм байдлаар Турк нь дүрвэгсдийн урсгалыг зогсоох гол буфер бүс болж , энэ оны 2-р сарын сүүл гэхэд тус улсад 3,6 сая дүрвэгсэд цуглаад байсан юм. Харин саяхны гаргасан хил нээх шийдвэрийн улмаас Европод дахин нэг дүрвэгсдийн хямрал эхлэх аюул бий болсон байна.
Туркийн энэ шийдвэр нь зүгээр нэг тохиолдлын зүйл биш, Сирийн Идлибийн хямралт байдалтай холбоотой юм. Туркийн цэргийнхэн цөөнгүй удаа янз бүрийн халдлагад өртөж байсан нь Анкараг шийдвэртэй арга хэмжээ авахад хүргэсэн бөгөөд энэ асуудалд ЕХ-г илүү их анхаарал хандуулах зорилготойгоор ийм шийдвэрт хүрсэн байна.
Идлибийн хямрал нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын уулзалтын дараа намжиж, одоогоор тус бүс нутаг гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа юм. Гэхдээ энэ тайван байдал хэдий урт хугацаагаар үргэлжлэхийг урьдчилан таамаглах бололцоогүй байна.
Турк болон ЕХ-ны удирдагчдын дээрх уулзалтын дараа ямар нэг тодорхой мэдэгдэл гараагүй бөгөөд эдгээр улсууд одоогоор өөрсдийн байр сууриа солилцон, харилцан ажиллах боломжийг хайж байгаа бололтой. Коронавирусээс болж дүрвэгсдийн асуудал тэргүүн зэргийн шийдвэрлэх ёстой асуудал биш болж хувирсан ч энэ асуудал нь цаашдаа Европыг зовоох хамгийн чухал, шийдвэрлэгдээгүй асуудлуудын нэг хэвээр байсаар байгаа билээ.