А.Цэрэнбат: Дарханы замаа тавьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ?
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбаттай ярилцлаа.
-Та Дарханы замд хохирсон зорчигчидтой хамт ЗТХЯ-ыг шүүхэд өгч, хариуцлага хүлээлгэнэ гэж байсан. Энэ юу болсон бэ?
-Би өөрөө Дарханы замын нэг хохирогч юм. Энэ замаар зорчихдоо хоёр ч удаа автомашиныхаа дугуйг хагалсан. Дугуйгаа хагалчихаад зогсож байхад машин осолдож, хүмүүс бэртэж гэмтэж, дугуй нь буудаад шатсан тохиолдлууд ч гарч байв. Судлаад үзэхэд Автозамын тухай хуулийн аравдугаар бүлэгт “Хэрэв замын нөхцөл байдлыг нь сайжруулаагүйгээс болж иргэд хохирох юм бол төр хариуцна” гэсэн заалт байсан. Энэ нь Зам тээвэр, хөгжлийн яам болж таарч байгаа юм. Найз, нөхдийн хүрээлэлд маань л гэхэд Дарханы замд хохирсон 20-иод хүн байна. Бид энэ асуудлаар хоёрдугаар сарын 13-нд хэвлэлийн хурал хийсэн. Түүнээс хойш Дарханы замд хохирсон иргэд нэмэгдсээр 300-аад хүн нэгдээд байна. Биднийг гурван өмгөөлөгч сайн дураараа дэмжиж, хамтран ажиллаж байгаа.
ЗТХЯ-нд хүмүүс гомдол гаргахад сайд нь “Та бүхний ярьж байгааг хэн нотлох юм бэ” гэсэн. Гэтэл бидэнтэй нэгдсэн 300 хүний бодит хохирол л гэхэд нийтдээ 200-гаад сая төгрөгт хүрч байна. Бид нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. Дарханы замыг хааж, түр замаар явах болсноос хойш тэнд 14 хүн нас барж, 140 авто осол бүртгэгджээ. Энэ зөвхөн цагдаагийн газарт бүртгэгдсэн нь. Гэтэл цагдаад бүртгэгдээгүй нь тэрнээс ч их. Өдөрт хамгийн багадаа 20 болон түүгээс дээш тооны осол тэр замд гарч байна. Тиймдээ ч бид Засгийн газар иргэдэд учирсан энэ хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байгаа.
Дээрээс нь коронавирусийн дэгдэлт их байгаа энэ үед ЗТХ-ийн сайд Европын нислэгийг хаагаагүйн улмаас халдвар авсан франц иргэнийг оруулж ирсэн. Түүнийг 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионд ч оруулж чадаагүй. Үүнээс үүдэн бид улс даяараа хөл хорионд орж, хэдэн тэрбумын алдагдалд орсон. Бизнес эрхлэгчдэд энэ үйл явдал маш хүндээр туслаа. Энэ бол ЗТХ-ийн сайдтай тооцох хоёр дахь хариуцлага мөн.
-Засгийн газраас “Тэнгэрийн зам” төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-“Тэнгэрийн зам” төслийг 800 сая ам.доллар буюу хоёр их наяд төгрөгөөр хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Энэ нь манай улсын нийт төсвийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Энэ их мөнгөөр стандартын дагуу 3000 км автозам барих боломжтой. Гэтэл үүгээр 6-12 м өндөрт 13 км урттай гүүрэн байгууламжийг барина гэж байна. Дарханы 200 км автозамаа тавьж чадахгүй байж юун тэнгэрийн зам бэ. Бид Дарханы замыг шинээр хийх нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Харин хийхдээ бодлогын алдаа гаргасан, менежмэнтийн гүйцэтгэл дээрээ хяналт тавиагүй, хяналт тавьдаг компаниуд нь бүгд алдаа гаргачихсан. Энэ хариуцлагагүй байдлаас иргэд хохирч байгаа учраас л бид бухимдаж байгаа юм.
-“Тэнгэрийн зам” төсөл хэрэгжсэнээр түгжрэл 46 хувь, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж үзэж байгаа юм билээ. Энэ бодитой байж чадах уу?
-Би АНУ-д хот төлөвлөлтийн чиглэлээр мастераар сурч байгаа. АНУ-д болон дэлхийн хөгжилтэй орнуудад хүн амын нягтрал, түгжрэлийг шийдэхдээ тэлж, захын хорооллуудаа хөгжүүлж байна. Захын дүүргүүддээ хотын төвд байдаг бүхий л үйлчилгээний төвүүдийг нээдэг. Ажлын байр, хүүхдийн сургууль цэцэрлэг ч үүнд багтана. Гэтэл манай улсын захын хороололд кино театр, номын сан, сайн үйлчилгээтэй сүлжээ дэлгүүр, усан бассейн, спорт цогцолбор, бизнесийн төвүүд алга. Энэ асуудлыг анхаарч харах нь тун чухал.
Ер нь ч тэгээд зам барих тусам машин нэмэгдэж, түгжрэл улам ихэсдэг, хэзээ ч буурдаггүй. Харин нийтийн тээврийг хэгжүүлэх нь түгжрэлийг бууруулах нэг арга мөн. Нийтийн тээвэр ариун цэврийн шаардлага хангасан, цагийн хуваарийн дагуу ажилладаг, түгжирдэггүй байх хэрэгтэй. Улаанбаатарт 1500 автобус шаардлагатай ч одоогоор 500 орчим л явж байгаа байх. Энэ мэт дотоод зохион байгуулалтаа зөв хийх хэрэгтэй. Тэнгэрийн зам гэх энэ төсөл бол сонгууль угтсан популизм, мөнгө угаах гэсэн л арга. Тиймдээ ч иргэд шүүмжлэнгүүт “Бид энэ төслийг зүгээр л танилцуулсан юм. Энэ Засгийн газрын бодлого биш” гэж байна лээ. Ийм арчаагүй байж болохгүй л дээ. Гаргасан шийдвэртээ хатуу зогс, эсвэл ийм тэнэг шийдвэр битгий гаргаж бай. Эхлээд сайн судал, төлөвлө.
-Хэрэв зээ хэрэгжүүлэхээр болвол бүтээн байгуулалтад хэр хугацаа шаардагдах бол?
-Эхний ээлжинд энэ төсөл хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгийг судлах шаардлагатай. Одоо Засгийн газар “Бид нар мэдэхгүй. Нэг компани л хийнэ. Бид зүгээр л дэмжсэн юм” гэнэ. Энэ бол солиорол. Нийслэлийн нэг сая 300 мянган хүний эрх ашгийг хөндсөн ийм том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм бол төр оролцож, шийдвэр гаргах ёстой шүү дээ. Замын ачаалал, стандарт гээд төрын оролцох асуудал бий. Гэтэл бид мэдэхгүй гээд сууж байна. Тэгвэл энэ хотод хэн дуртай нь янз бүрийн үйл ажиллагаа явуулаад байж болох юм уу. Энэ мега төсөл дээр аюулгүй байдал, стандарт гээч зүйл байх ёстой шүү дээ. Нийслэлийн иргэдийн саналыг ч үүндээ авах тусгах ёстой юм.
-Нөгөө талаар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засагт сөрөг үр дагаврууд бий болж эхэлж байна. Энэ хүнд үед 800 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бэ?
-Тиймдээ ч энэ төслийг цааш үргэлжлүүлэх эсэх асуудлаар иргэдээс санал асуулга авах хэрэгтэй. Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлэх үү, эсвэл хөрсний бохирдол тун удахгүй хөндөгдөх энэ үед гэр хорооллынхны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэх үү гэдгийг асуух ёстой юм. Өнөөдөр төр нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг, үйлчилдэг, иргэддээ дэмжлэг үзүүлдэг болсон. Харин манайд өөрсдийгөө ухаантай гэж бодсон хэд нь төрд гарч суучихаад иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндөхгүй, зүүдэлсэн зүүдээ шийдвэр болгодог гэдэг шиг л ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг онцлоход энэ хуучны улстөрчид хэтэрхий мэдлэггүй байна. Тэд өнөөдөр Google ашиглаж, youtube рүү орж үзэхгүй байгаа шүү. Instagramm гэж юу болохыг ч мэдэхгүй байна. Тэд оюун санааны хувьд дэндүү хоцрогдсон, уламжлалт, хэтэрхий бүдүүлэг байна. Компьютер мэдэхгүй хэдэн сайд л Монгол Улсын хүн амын 65 хувийг бүрдүүлж байгаа залуусыг удирдаж байна. Залуучууд үүн дээр дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байтал үүнтэй эвлэрч, тэднийг ухаантай гэж шүтдэг. Тэдний пиар маркетингийг хийсэн шиг ээ л амьдарч байгаа. Одоо болих хэрэгтэй.