Дональд Трамп хямралын үед иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
Өчигдөр буюу 3-р сарын 17-ны орой Цагаан ордны төлөөлөгчид коронавирусийн нөлөөгөөр хямралд өртөөд байгаа эдийн засгийг дэмжих төлөвлөгөөгөө танилцуулав.
Энэхүү төлөвлөгөөний дагуу Дональд Трамп нийтдээ 1 их наяд ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү саналаа АНУ-ын Конгресст баталхуулахаар илгээж байгаа юм байна. Тэрбээр энэхүү төлөвлөгөөгөө ирэх 2 долоо хоногийн дотор хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа гэдгийг сангийн сайд Стивен Мнучен хэлжээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Америк иргэд бүр 1,000 ам.долларын чек авах бөгөөд Стивен Мнучен мэдээж өндөр орлоготой иргэд авахгүй гэж тайлбарласан байна. Үүний хажуугаар иргэдийн 1 сая, албан байгууллагуудын 10 сая хүртэлх ам.долларын татварын төлөлтийг 90 хоногоор сунгах юм байна.
Сенатын танхим дахь Бүгд Найрамдахчуудын дарга Мич Макконнел Ерөнхийлөгчийн саналыг яаралтай хэлэлцэж батлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд сөрөг хүчин болох Ардчилсан намтай хамтран шинэ хуулийн төсөл батлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү санал нь Трампын засаг захиргаа Конгресстэй хэлэлцээ хийж байгаа 850 тэрбум ам.долларын урамшууллын багцын нэг хэсэг юм.
Мнучинтэй хамт хэвлэлийн бага хурал дээр ирсэн Трамп “Бид том оор сэтгэх ёстой. Бид хоёр өдөр бүр жижиг уулзалт хийхийн оронд томоор зоригтой хөдлөх ёстой. Манай улс хүчирхэг. Энэхүү үл үзэгдэх дайсантай бид бүх хүчээ дайчлан тэмцэх юм бол ялж чадна." гэж хэлжээ.