“Forbes” сэтгүүл Монгол улс коронавирустай хэрхэн тэмцэж байгааг магтжээ
“Forbes” веб сайтад манай улсын одоогийн нөхцөл байдал болон Хятад улсад анх Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх нэгэн нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэлийг Монгол улсад өөрийн биеэр амьдарч байсан сэтгүүлч Бриана Вилсон /Breanna Wilson/ бичсэн бөгөөд тэрбээр Монголын эрх баригчдын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг магтсан байна. Нийтлэлийг товчлон орчуулан хүргэе.
Хятадтай 5000 км орчим газар нутгаараа хиллэдэг Монгол Улсад өдгөө коронавирусийн тохиолдол ердөө 4 бүртгэгдээд байгаа юм. Тэдгээр нь бүгд бусад орноос ирсэн тохиолдол бөгөөд 3 нь дөнгөж өчигдөрхөн /2020.03.16/ илрээд байгаа аж. Энэ улс яаж энэ хэмжээнд тэрхүү аюулт өвчнийг тогтоон барьж байгаа юм бол. Тэд ердөө түргэн арга хэмжээ авсанд бүх зүйл оршино.
Хамгийн эхний тохиолдол нь 3-р сарын 9-нд илэрсэн бөгөөд тэр нь Франц улсын иргэн болж таарсан. Тэрбээр ажил хэгийн шугамаар тус улсын Дорноговь аймагт ирсэн бөгөөд тэнд байх даа шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлагдан шинжилгээ өгсөн юм байна.
Энэхүү Франц эртэй ойр байсан 207 хүнээс шинжилгээ авах үед нэгнээс нь ч илрээгүй юм байна. Мөн Монголын эрүүл мэндийн яам "Франц улсын иргэнтэй ойр байсан 2 иргэн бидний шаардлагыг үл тоон Дорноговь аймгийг орхиж гарсан. Тэднийг одоо тусгаарлаад байгаа бөгөөд шаардлага хүлээж аваагүйн төлөө хариу арга хэмжээ авах болно" гэж мэдэгдсэн байна.
Энэ мэдэгдлээс үзэхэд Монголын эрх баригчид нөхцөл байдлыг тун нухацтай хүлээн авч байгаа бололтой. Тэрхүү Франц эр Монголын эрүүл мэндийн яамнаас гаргасан анхааруулгыг үл тоон 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлахын оронд гадуур чөлөөтэй явсан нь илэрсэн учраас энэ орны иргэд Францчуудад багагүй бухимдаж эхэлжээ.
Харамсалтай нь өчигдөр буюу 3-р сарын 16-ны орой Франц болон Герман улсаас ирсэн Монгол Улсын 3 иргэнээс мөн коронавирусийн халдвар илэрсэн байна. Тэднийг ирсэн даруйд нь тусгаарлан шинжилгээ хийсэн бөгөөд өдгөө шаардлагатай эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Гэхдээ энэ бүх тохиолдол илэрхээс өмнө, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг цар тахал гэж зарлахаас ч өмнө Монголчууд энэ аюулт өвчний эсрэг эрс шийдэмгий хийгээд зохион байгуулалттай арга хэмжээнүүд авч эхэлсэн юм.
Тэд 1-р сард Хятадын хил дээрх бүх боомтоо хаасан бөгөөд зөвхөн хэрэгцээтэй бараа таваарыг шалган нэвтрүүлэх болжээ. Ингэснээр тэд Хойд Солонгосын дараа хилээ хаасан 2 дахь орон болсон байна. Үүнээс удалгүй бүх сургууль цэцэрлэг хаагдсан бөгөөд олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээний газрууд хаагдсан төдийгүй Монголын уламжлалт цагийн сарын баярын өдөр хүртэл хот хоорондын тээврийг хааж эрх баригчид нь хүмүүсийг нэг нэгнээсээ зайгаа барьж явахыг уриалсан юм.
3-р сар гэхэд энэ бүхэн дууссангүй Хөвсгөл нуур дээрх Мөсний баярыг албан ёсоор цуцлаж, Өвлийн Алтан бүргэдийн наадам, Өмнөговь аймагт тэмээний баяр, гуравдугаар сарын сүүлд болох Наурызын баяр зэргийг албан ёсоор цуцласан болохыг зарлав. Эдгээрийн нөлөөгөөр энэ орон жуулчлалаас олдог их хэмжээний орлогоо алдаж байгаа юм.
Өдгөө тус улс хот хоорондын тээвэр хийж буй иргэн бүрийн халууныг хэмжиж байгаа бөгөөд би хүртэл хэд хэдэн удаа халуунаа шалгуулсан билээ.
Хот дотор нийтийн тээвэр явж байгаа ч яг оргил цагуудад явах тоог нь эрс бууруулжээ. Мөн нийтийн тээвэрт суухад ч дэлгүүр мэтийн үйлчилгээний газрууд ороход ч амны хаалтгүй бол нэвтрүүлнэ гэж байхгүй. Зурагт үзвэл Монголын бүх албаны хүмүүс бүгд амны хаалттай үзэгдэх ажээ.
Энэ бүхний хажуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэхүү өвчин дэгдсэн цагаас хойш Хятадад айлчилсан анхны төрийн тэргүүн болоод амжжээ. Тэрбээр Хятадын удирдагч Ши Жинпинтэй уулзах үедээ 30 мянган хонь хандивлахаа амласан нь 2 улсын эв нэгдлийн бэлэг тэмдэг болов. Тэрбээр эх орондоо ирсэн даруйдаа өөрийгөө 2 долоо хоногийн хугацаатай тусгаарласан юм.
Би Монгол орноос 3-р сарын 5-ны өдөр явсан бөгөөд тэр өдөр онгоцондоо суухаар Чингис хаан нисэх буудалд орох гэтэл үүдэн дээрх хамгаалалтын бүрэн хувцастай хүн намайг нэвтрүүлэхгүй гэлээ. Учир нь би амны хаалтаа зүүгээгүй байж. Тэгээд би түүний өмнө хаалтаа бүрэн зүүгээд халуунаа шалгуулсаны эцэст нэг юм тэр намайг орохыг зөвшөөрсөн.
Намайг явснаас хойш тус орон гадаадаас нэгч хүн хүлээж авахгүй гэж мэдэгдээд байгаа бөгөөд үүнээс хойш авах арга хэмжээнүүд нь улам чангарах нь тодорхой байна.
Гэтэл АНУ-ын хувьд гадаадын улс орноос ирж буй иргэдээ хяналт,ажиглалтад авах, шинжилгээнд хамруулах тал дээр асуудал дагуулсан хэвээр байна. Зөвхөн АНУ ч гэлтгүй дэлхийн бүх улсын ард иргэд нь айж, сандарч, Засгийн газраасаа хариулт хайж байгаа энэ үед нүүдэлчин үндэстэн хэрхэн иргэдээ түргэн бөгөөд үр дүнтэй хамгаалж чадаж байгаагаас нь суралцах хэрэгтэй.