АНУ-ын хөрөнгийн зах зээл 1987 оны хямралаас хойших хамгийн том уналтад оров
Холбооны нөөцийн сангаас коронавирусийн нөлөөгөөр удаашраад байгаа эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсноо зарласны дараа 1987 оны "Хар Даваа гараг"-аас хойших хамгийн том уналт АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр ажиглагдлаа.
"Dow Jones" индекс 20,188.52-ээс 2.997.10 нэгж буюу 12.9 хувиар буурсан байна. Харин "S&P 500" индекс 12 хувиар буурч 2018 оны 12-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол "Nasdaq Composite" индекс 12.3 хувиар буурсан байна.
Хөрөнгө оруулалтын "Instinet" компанийн гүйцэтгэх захирал Фрэнк Каппеллери "Компаниуд COVID-19-ийн нөлөөнөөс салж чадахгүй хэвээр. Нөхцөл байдал улам л даамжирч байгаа. Өнгөрсөн зуунд бид 2 удаа л ийм байдалтай тулж үзсэн учраас яах ёстойг хэн мэдэхгүй байна." гэж хэлжээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп дэгдэлтийг наймдугаар сар хүртэл үргэлжилж магадгүй гэж хэлсний дараагаар хөрөнгийн зах зээл дээрх уналт улам дордсон аж.
"Ерөнхийлөгч бидний сонсохыг хүссэн зүйлийг хэлсэнгүй. Манай улсын эдийн засаг 7 юмуу 8-р сар хүртэл ийм байдалтай байгаад байж чадахгүй шүү дээ. Хэрэв үнэхээр нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилбэл үнэхээр эдийн засгийн хямрал нүүрлэх болно"гэж "BNY Mellon"-ийн эдийн засгийн зөвлөх Лиз Янг хэлжээ.