Хилийн чанадад суугаа монгол иргэдийн эх орондоо ирэх хүсэлтийг харгалзан, халдвартай улс орнуудаас монголчуудыгаа авчрах шийдвэр гаргахдаа Улсын онцгой комисс долоон зүйл бүхий анхдагч журам гаргасан. Эх орон нь иргэнээ авна гэж зүтгэсэн, энэ нь ч зөв алхам, зөв хандлага. Тэгэхдээ уг журамд тухайн орондоо covid-19 вирусын шинжилгээ заавал өгсөн байна гэж заасан байгаа.
Араас нь ар гэрийнхнийх нь бэлдэх зүйл, тусгаарлах байрны үнэ төлбөр, насны ангилал зэргийг жагсаасан. Гэтэл өнөөдөр эх орондоо ирсэн 800 шахам иргэний гурваас нь Covid-19 илэрснээр барахгүй, маш өндөр халуунтай эмэгтэй онгоцноос бууж иржээ. Түүний биеийн байдал хүнд байна. Дагаж мөрдөхгүй байсан юм бол яах гэж журам баталдаг юм бэ? Халууныг нь үзэж онгоцонд оруулдаггүй юм уу? Нэг онгоцонд ирсэн 244 хүнд эрсдэл үүрүүлж, эх орондоо вирус нэвтрүүлэх зүрх ямар хүнээс гардаг байна? Тосч авсан эмч, сувилагч, нисэх бүрэлдэхүүн яах болж байна? Төрийн дүрэм журам яагаад гурав хонолгүй утгаа алдаад, гурав алхалгүй эрх мэдэлтний гарын үзүүрт үхдэг юм бэ?
Ингэж л асуумаар байна? Гаргасан дүрэм журмаа төр мөрдөхгүй бол хэн ч мөрдөхгүй, хэн ч дагахгүй. Үүнийг л ойлго. Энд би эх орноо гээд санаж сарвайн ирж байгаа хүмүүсийг буруутгах гэсэнгүй. Эх орон нь хүнээ авах нь зөв. Гэхдээ, мөрдөхгүй байсан юм бол дүрэм журам бүү гарга. Нэгэнт журам жагсаагаад гаргасан юм бол түүнийгээ л мөрд гэсэн энгийн зарчим ярьж байна. Нэмж хэлэхэд ЭМ-ийн сайд "Ядаж гуравдугаар сар дуустал гадагшаа зорчихгүй байгаач ээ" гэж хоолойгоо сөөтөл гуйсан. Аминаас үнэтэй, ард түмнээс чинь үнэтэй ажил байдаг юм уу? Тэр халдвар тээсэн хүн эдгэснийхээ дараа хэнтэй хамтарч дүрэм журам зөрчсөнөө тоочих биз гэж найдъя.
Анхнаасаа эрүүл, өвчтэй ялгаагүй, эх орноо гэсэн бүх хүнийг авчирна, эмчилнэ гээд мэдэгдчихсэн бол ингэж үймэхгүй байлаа. Нэг хүний амин хувиа хичээсэн эрх ашиг нийт Монголоос үнэтэй л байсан юм байх даа. Энэ биеэ биш, эх орон, эгэл түмнээ боддог цаг шүү. Эх орондоо ирэхээр төлөвлөж байгаа хүмүүс асуулгаа үнэн бөглөж, ариун цэврийг чанд сахиж, өнөөдрийн энэ явдлаас сургамж авмаар байна. Бид цөөхүүлээ, цөмөхөд дуусчихмаар цөөхүүлээ гэдгийг бүү март! За тэгээд, эх орондоо ирсэн монгол хүн байна даа, эдгэх болтугай! Гандахгүй, гундахгүй, туулна, давна л гэж зүтгэе, өөр гарц үгүй.
Р.Эмүжин