Коронавирусын халдварыг 15 минутад илрүүлдэг тест Ирландад бүтээгджээ
Ирланд улсын нэгэн компани Covid-19 халдварын вирусийг маш түргэн хугацаанд илрүүлдэг тест худалдаанд гаргахаар бэлджээ. Энэхүү тест нь вирусийг ердөө 15 минутын дотор илрүүлэх чадалтайгаараа коронавирусын эсрэг “клиник зэвсэг” болж чадах юм.
POC (Point of Care) гэх нэртэй уг тест нь жирэмсний тесттэй ижил технологиор хийгдсэн бөгөөд одоогоор туршилтын шатанд явж байгаа тул эхний байдлаар шинжилгээний цагийг 4 цагаас 15 минут хүртэл багасгаж чадсан байна.
Эм зүйн болон биотехнологийн бүтээгдэхүүнүүд хийдэг “Assay Genie” компани уг тестийг тун удахгүй дэлхийн зах зээлд гаргахаар бэлдээд байгаа бөгөөд Ирландын зарим эмнэлгүүд туршилтын тестүүдийг хэдийн хэрэглэж эхэлсэн талаар “Assay Genie”-н ахлах биохимич Ком Раиан мэдэгджээ. Түүнчлэн “Assay Genie” компаний үүсгэн байгуулагч ахлах технологич Seán Mac Fhearraigh энэхүү тестийг “Эцэстээ бид вирусийн тархалтын эсрэг тулалдах зэвсэгтэй болох нь” хэмээн тодорхойлсон байна.
"Assay Genie" компаний ахлах технологич Seán Mac Fhearraigh болон ахлах биохимич Colm Ryan.
Одоогийн байдлаар хэрэглэгдэж байгаа вирус илрүүлэгч тестүүд нь тоон PCR гэгдэх молекулын технологийн тусламжтай 4 цагийн дараа үр дүнг гаргадаг бол хурдан хугацаанд вирус илрүүлэх чадалтай тест нь ердөө нэг дусал цус ашиглан коллоидын алтан иммунохроматографи технологийн тусламжтай цусны сийвэн болон цусны ийлдэс дэх вирусийг маш түргэн хугацаанд илрүүлдэг аж. Ингэснээр вирусийн халдвар илэрсэн тохиолдол тестийн өнгө өөрчлөгддөг байна.
POC тестийн талаар сонссон томоохон компаниуд ажилчдаа шинжилгээнд хамруулахын тулд уг тестийг ихээхэн сонирхож байгаа боловч Раианы хэлснээр энэхүү тест нь зөвхөн эмч болон мэргэжлийн эмнэлгийн ажилчид л хэрэглэхэд зориулагдсан гэнэ.