"Исламын улс" бүлэглэл алан хядагч нартаа Европ руу явахгүй байхыг анхааруулжээ
Олон жилийн туршид өөрсдийн дагагсад, жихадистуудыг Европын томоохон хотууд руу халдахыг өдөөсөөр ирсэн ISIS бүлэглэл гишүүддээ коронавирусын үеэр Европ руу явахгүй байхыг анхааруулжээ.
“Sunday Times of London”-ы мэдээлснээр ISIS бүлэглэлийн “al-Naba” мэдээллийн самбарт Исламын шашны хуулийн дагуу Европт байгаа халдвар авсан жихадистууд (Исламын шашны тэмцэгчид) тэндээ үлдэх ёстой талаар бичсэн байна.
Уг мэдээллийн самбарт “Эрүүл хүмүүс халдвар тархалтын бүс рүү орохгүй байх, халдвар авсан хүмүүс тухайн бүс нутгаас гарахгүй байх ёстой” хэмээсэн байна. Түүнчлэн “Тахал нь Бурхнаас илгээсэн залхаан цээрлүүлэлт юм” хэмээн бичсэн аж.
ISIS бүлгээс үлдсэн ихэнх гишүүд Ирак улсад байрлаж байгаа бөгөөд ням гарагийн өглөөний байдлаар Иракт коронавирусын 110 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь амь насаа алдаад байгааг Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлсэн байна.