Лондонд худалдаж авсан ариун цэврийн цаасаа дээрэмдүүлсэн хэрэг гарчээ
Лондон хотын хойд хэсэгт явж байсан 56 настай иргэн худалдаж авсан ариун цэврийн цаасаа дээрэмдүүлсэн хэрэг гарчээ.
Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр олон нийтийн дунд эмх замбараагүй байдал нэмэгдэж, үүний нөлөөгөөр дэлгүүрт өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүд ирсэн даруйдаа дуусч байгаа учраас хүмүүс тэдгээрийн төлөө хоорондоо тэмцэлдэх болсон байна.
56 настай Динендра хэмээх хүн үдээс өмнө хойд Лондонгийн Хардингэй дүүрэгт явж байхдаа хоёр боодол ариун цэврийн цаас авч явж байжээ. Тэгтэл нэгэн үл мэдэгдэх этгээд нэг боодлыг нь булаан зугтаасан аж.
Динендра ямар нэг байдлаар гэмтээгүй хэдий ч энэ явдлыг ойролцоох цагдаагийн хэлтэст мэдээлсэн байна.
"Би гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 2 боодол ариун цэврийн цаас аваад явж байтал нэг хүн араас ирээд нэгийг нь булаагаад зугтаасан. Би үнэндээ тэр үед цочролд орсон гэхэд болно. Энэ хорвоо ертөнц чинь юу болчхоо вэ? Энэ бол эд хөрөнгийн бус зарчмын асуудал." гэж тэрбээр хэлжээ.
Зарим жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нэг үйлчлүүлэгч тутамд ногдох цэвэр ус, ариун цэврийн цаас, гар ариутгагч зэргийн тоог хязгаарлажээ.
Мөн үүний зэрэгцээ галт зэвсэг болоод түүний сум, хэрэгслийн эрэлт эрс нэмэгдсэн байна.