Францын "Dior", "Givenchy" брэндүүд гар ариутгагч үйлдвэрлэн үнэгүй тараахаар болжээ
LVMH компани нь коронавирусын тахлын үеэр үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэртээ гар ариутгагч гель үйлдвэрлэхээр бэлдэж байгаа талаараа өнгөрсөн ням гарагт зарласан байна.
Christian Dior, Givenchy зэрэг брэндүүдэд зориулан сүрчиг, нүүрний будаг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд даваа гаригаас эхлэн гар ариутгагч үйлдвэрлэж эхлэх юм.
Францын тансаг зэрэглэлийн үнэртэн, гоо сайхны брэндүүдийг эзэмшдэг LVMH корпорацаас Францын эрх баригчид болон Европ дахь хамгийн том эмнэлгийн систем болох “Assistance Publique-Hôitaita de Paris”-т үнэгүй гар ариутгагч тараахаар болжээ.
Тус компани нэгэн мэдэгдэлдээ "Энэхүү санаачилгаар LVMH нь Францад бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэлийг бууруулахаас гадна олон тооны хүмүүст вирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалах арга хэмжээг үргэлжлүүлэн авах боломжийг олгохоор зорьж байна. Түүнчлэн манай корпорац нь Францын эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байж шаардлагатай бол хэдий хугацаагаар ч хамаагүй үүрэг хариуцлагаа үргэлжлүүлсээр байх болно." хэмээн мэдэгджээ.
Дэлхий даяар нийт 156,000 гаруй хүн халдварлаж, дор хаяж 5833 хүний аминд хүрсэн вирустэй тэмцэх зорилгоор Франц улс ресторан, кафе мөн шаардлагагүй гэж үзсэн дэлгүүрүүдийг хаасан ч хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг бусад чухал шаардлагатай дэлгүүрүүд нээлттэй хэвээр байна.