Америкийн хилийг хаах Трампын зарлиг дэлхий дахинд хэрхэн нөлөөлөх вэ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь Европ Америкийн хооронд хийх зорчигч тээврийг 30 хоногийн хугацаанд зогсоосон зарлиг гаргалаа. Энэ нь чухам юу гэсэн үг вэ?
Уг зарлиг нь Европын бүх улсад хамаарахгүй зөвхөн АНУ-ын иргэн биш гадаадын хүмүүс болон сүүлийн 14 хоногт Шенгений орнуудад болон Их Британи, Ирландад байсан хүмүүст үйлчлэх юм.
Шенгений бүсэд 22 орон ордог ба эдгээр нь Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португали, Словак, Словен, Испани, Швед зэрэг улсуудаас гадна Европын эдийн засгийн бүс болох Исланд, Лихтенштейн, Швейцар, Норвеги зэрэг болно. Өөрөөр хэлбэл Европын 16 орны иргэд хамаарах юм байна.
Европын орнуудаас Болгар, Румын, Хорват, Кипр зэрэг улсуудад Трампын зарлиг хамаарахгүй бол ОХУ, Украин, Белорусс болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтсан улсуудын иргэдэд хамаарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Бусад улсын иргэдийн хувьд?
АНУ-д ирэхээс өмнөх 14 хоногт Хятадад байсан гадаадын иргэд, мөн Ираны иргэдэд энэ зарлиг хамаарна.
Мөн АНУ-д хуулийн дагуу оршин сууж байгаа гадаадын иргэд нь тус улсад орох гарах эрх нь нээлттэй хэвээр байна.
Энэ зарлиг хэдий хугацаанд үйлчлэх вэ?
Зарлигт бичсэнээр бол энэ нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх боловч Цагаан ордон нь ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу энэ зарлигийг дуусахаас өмнө зогсоох, эсвэл сунгах боломжтой гэжээ.
Зарлигийн хэрэгжилт ямар байдлаар үйлчлэх вэ?
Одоогоор энэ зарлигийн хэрэгжилт ямар байдлаар үйлчлэх нь тодорхойгүй байна. Европ даяар олон хүн өөрийн автомашинаар нааш цааш явдаг учир тэдний паспорт дээр Шенгений оронд зорчсон, орсон гарсан тухай тэмдэглэл тавигддаггүй, энэ тухай мэдээллийн санд ордоггүй. Харин онгоцоор зорчсон нийт хүмүүс болон Их Британи Европын орны хооронд зорчсон хүмүүст ийм тэмдэглэл тавигдаж, аялагчдын тухайн мэдээллийн санд бүртгэгддэг байна. ЕХ нь өөрийн иргэдийн хувийн мэдээллийг нууцалдаг тул бусад улс оронтой энэ талын мэдээлэл солилцох нь цөөн байдаг билээ.
Ойрын үед энэ талаар Цагаан ордон илүү тодорхой мэдээлэл гаргаж, Шенгений орноор зорчсон эсэх тухай мэдээллийг ямар байдлаар тодруулахаа шийдэх бололтой.
Трампын энэ зарлиг нь нисэх онгоцны болон усан онгоцны баг, АНУ-д коронавирусийн эсрэг тэмцэх ажилд туслахаар ирсэн гадаадын иргэд, гадаадын улс орны төлөөлөгч, тэдний гэр бүл, АНУ-ын батлан хамгаалах салбарт ажилладаг гадаадын иргэд, тэдний гэр бүл, НАТО болон НҮБ ажилладаг хүмүүс болон АНУ-ын эрх ашигт нийцэх бүх л хүмүүст хамаарахгүй юм.
Бараа бүтээгдэхүүний хувьд?
Европын холбооноос бараа импортлох явдлыг зогсоосон тухай Трамп мэдэгдсэн бөгөөд үүний дараа нефтийн үнэ аажмаар буурч, дараа нь Азийн хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд огцом унасан билээ.
Харин хэсэг хугацааны дараа Цагаан ордон нь бараа бүтээгдэхүүнд тавьсан ямар нэг хориг байхгүй гэж мэдэгдсэн байна.
Ямар үр дүнд хүрэх бол?
Хятадын засаг захиргаа короновирусын тархалтыг үр дүнтэйгээр зогсоож чадсаны нэг жишээ нь 11 сая хүн амтай хотод бүрэн карантин тогтоож, хянасан явдал юм.
Европ руу аялах нислэг болон бусад шугамыг хааснаар дээрх шиг үр дүнд хүрэх нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд угаасаа АНУ-д энэ вирусийн халдвар цөөнгүй бүртгэгдээд байгаа билээ.
Короновирусын тархалтын талаар АНУ-ын гаргах албан ёсны мэдээ байдлыг бүрэн бүтнээр харуулж чадахгүй байх магадлалтай ба нийт хүн амын тоотой харьцуулахад вирусийн тандалтын тоо хэмжээ нь ихээхэн бага байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 1000 гаруй хүн энэ вирусийн халдвар авсан гэсэн тооцоо бий.