Билл Гейтс “Microsoft” компанийн удирдлагаас гарах болсноо зарлалаа
Тэрбумтан Билл Гейтс "Microsoft" компаний удирдах зөвлөлөөс гарах болсноо өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Тэрээр мөн хөрөнгө оруулалтын "Berkshire Hathaway" компаний удирдах зөвлөлийн албан тушаалаасаа ч буухаар болсон байна.
Тэрбээр энэ талаараа "Би Microsoft ба Berkshire Hathaway-с гарах шийдвэр гаргасан. Үүний оронд дэлхийн эрүүл мэнд болон хөгжил, боловсрол, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд ихээхэн анхаарал хандуулахын зэрэгцээ сайн үйлсийн ажилд илүү их цаг зориулах болно. Гэвч би Microsoft-г бүрмөсөн орхихгүй, Microsoft бол миний амьдралын чухал хэсэг юм. Би компанийнхаа удирдлагаас үргэлжлүүлэн алсын хараатай байхыг хүсч, түүнийг зорилгодоо хүрэхэд туслах болно. Компанийн хөгжил дэвшил дэлхийд үргэлжлүүлэн ашиг тусаа өгсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна" гэж хэлжээ.
"Microsoft"-н одоогийн гүйцэтгэх захирал Сатя Наделла: "Олон жилийн турш Биллээс туршлага судалж, суралцаж ирсэн минь нэр хүндийн хэрэг юм." хэмээн хэлсэн байна.
Гейтс "Microsoft" компанийг анх 1975 онд Пол Аллентай хамтран байгуулж байсан билээ. Харин "Microsoft"-ийн одоогийн гүйцэтгэх захирал Сатя Наделла 2014 онд албан тушаалаа хүлээн авсан. Билл Гейтс 2014 он хүртэл "Microsoft" компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн захирал байсан боловч ихэнх цагаа 2008 онд байгуулагдсан "Билл & Мелинда Гейтс" сандаа зориулсаар ирсэн билээ.
"Microsoft" компани анх 1986 онд хувьцаа гаргаж байсан ба одоо дэлхийн зах зээл дээр 1.21 их наяд ам.долларын үнэлгээтэй болсноор дэлхий дээрх хамгийн том компаниудын нэг болж чадсан билээ. Тэрбээр өөрөө тус компаний хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд 1.36 хувийг эзэмшдэг гэж "FactSet"-с мэдээлсэн байна.