Донтолт хэрхэн бий болдог вэ?
Их Британийн “Action on Addiction” байгууллагаас мэдээлснээр дэлхий дээрх 3 хүн тутмын 1-д ямар нэг төрлийн донтолт байдаг гэнэ. Донтолт нь зөвхөн мансууруулах бодисын донтолтоос гадна хувь хүний зан үйлдлийн хэвийн бус үйл ажиллагааг хэлэх бөгөөд үүнд архи болон бусад төрлийн мансууруулах бодист донтох, видео тоглоом, мөрийтэй тоглоомд донтох, секст донтох зэрэг багтана. Мөн техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед хүмүүс гар утас, сошиал сүлжээнд донтох хандлага ч ихээр нэмэгдсээр байна.
Нэгэнт бий болсон донтолт нь аливаа хүнийг эрүүлээр нийгмийн харилцаанд орох, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр тухайн хүнд:
- Мансууруулах бодис хэрэглэхгүй, донтсон зүйлээ хийхгүй байж чадахгүй болох
- Өөрөө өөрийгөө хянаж чадахаа болих
- Донтсон үйлдлээ болон мансууруулах бодисыг маш ихээр хүсэх
- Гарч болох сөрөг үр дагаврыг үл тоомсорлох
- Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Америкийн сэтгэл судлалын нийгэмлэг (APA) -с донтолтыг биологи, сэтгэл зүй болон нийгмийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бий болдог урт хугацааны эмгэг хэмээн тодорхойлсон байдаг. Иймд бид донтолтыг шууд хэн нэгний өөрийн сонголтоор бий болдог зүйл хэмээн ойлгож болохгүй юм. Учир нь донтолт нь нэг төрлийн тархины эмгэг бөгөөд тархины үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор бий болдог. Эдгээр тархины өөрчлөлт нь ихэвчлэн тархины духны дэлбэн болон Лимбийн системийн хэсгүүдэд явагддаг бөгөөд энэ хэсгүүд нь хүний шийдвэр гаргах, өөрийгөө удирдах, ой санамж, мотивац болон шагналын мэдрэмжүүдийг голчлон хариуцдаг хэсгүүд юм. Ингэж тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар тухайн хүн гарч болох үр дагаврыг мэдсээр байж мансууруулах бодисыг илүү ихээр хүсч эхэлдэг. Мөн тухайн хүний хөөрлийн мэдрэмжээ удирдах чадвар ч мөн мууддаг.
Илүү нарийн тайлбарлавал: мансууруулах бодис хэрэглэснээр тархины таашаалын мэдрэмж хариуцсан төвийн дотор их хэмжээний дофамин ялгардаг бөгөөд тэр үед хүнд сэтгэл хөөрсөн, аз жаргалын мэдрэмж төрж эхэлдэг байна. Дофамин гэдэг нь хоол идэх, секс хийх, магтуулж шагнуулах зэрэг үед бидний мэдэрдэг онцгой мэдрэмжийг хариуцсан нейротрансмиттерийн үүрэг бүхий даавар юм. Согтууруулах ундаа, мансууруулах бодис эм зэргийг хэрэглэхэд тархинд ялгарах дофамины хэмжээ ихээр нэмэгддэг бөгөөд тэр хэмжээний таашаал мэдэрсэн хүн дараа нь тэр таашаалыг дахин мэдрэх хүслээс үүдэн давтагдсанаар хэт их хэрэглээний хэлбэрт орох магадлалтай болж байгаа юм. Харин энэ байдал урт хугацаанд үргэлжилснээр тархин дах дофамин ялгарах арга өөрчлөгддөг тул хүний бие хэвийн ажиллахын тулд мансууруулах бодис, согтууруулах ундаа зэргийг илүү ихээр нэхэж бие махбод-ийн хараат байдалд ордог аж.
Донтолт нь нэг хэлбэрийн маш ноцтой сэтгэцийн асуудал боловч архи уусан, тамхи татсан эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн хүн болгон донтолтод өртөхгүй. Харин яг ямар төрлийн хүмүүс донтолтод илүү ихээр өртөмтгий болохыг нарийн тайлбарлахад бэрх бөгөөд өнөөг хүртэл хийгдсэн судалгаанаас үзэхэд доорх хэдэн үндсэн хүчин зүйлүүд донтолт бий болоход гол үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:
Удамшил. Зарим нэг төрлийн ген нь хүнийг донтолтод илүү өртөмтгий болгоход нөлөөлдөг аж. Ихрүүд дээр хийсэн судалгаанаас үзэхэд донтолтод өртөмтгий байгаа хүмүүсийн 50-60% нь гентэй холбоотой байсан байна. Мөн архичин эцэг эхээс төрсөн хүүхэд архинд донтох магадлал энгийн эцэг эхээс төрсөн хүүхдээс 4 дахин их байсан бөгөөд архинд донтогчдын нийт 60% -ийнх нь гэр бүлд ямар нэг архи уудаг хүн байдаг гэжээ.
Сэтгэл зүйн асуудлууд. Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD), Гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD), Сэтгэл түгших эмгэг (Anxiety disorder), Сэтгэл гутрал (Depression), Ганцаардал зэрэг сэтгэл зүйн эмгэгүүд нь донтолт бий болох бас нэгэн гол шалтгаан болдог байна. Ихэнх хүмүүс дээр дурдсан өвчин эмгэг болон асуудлуудаа дарахын тулд мансууруулах бодис хэрэглэж эхэлдэг боловч энэ нь эргээд өөрөө илүү том асуудал болдог.
Нийгэм, хүрээлэн буй орчин. Үе тэнгийнхний дарамт шахалт нь мансууруулах бодис хэрэглэж эхлэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Ялангуяа мансууруулах бодисын хэрэглээ түгээмэл байдаг газар ажиллаж сурдаг хүмүүс энэ төрлийн донтолтод илүү өртөмтгий байдаг.
Мансууруулах бодисын төрөл. Донтолтыг бий болгодог өөр нэгэн зам нь ямар төрлийн бодис хэрэглэснээс шалтгаалдаг байна. Жишээлбэл зарим төрлийн бодис тархи дахь хүлээн авагчдаа шууд хүрч үйлчилдэг учраас донтуулах шинж чанар маш өндөр байдаг бол зарим төрлийн бодис нь химийн найрлагынхаа хүрээнд донтуулах чанар багатай байдаг байна.
Нас. Төдий залуу байхдаа мансууруулах бодис хэрэглэж эхэлнэ тэр хэрээр донтох эрсдэл илүү нэмэгддэг аж.
Бага насны сэтгэл санааны гэмтэл шок. Хүүхэд насандаа үл ойшоогдсон, ямар нэг төрлийн бие болон сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл зэрэгт өртөж сэтгэл санааны гүн шоконд орж байсан хүмүүс донтолтод илүү өртөмтгий болдог байна. Учир нь эдгээр гэмтэл шок нь хүний тархин дах химийн бодисуудыг өөрчлөлтөд оруулснаар тархийг гэмтээж тухайн хүн биологийн талаасаа донтолт болон бусад төрлийн сэтгэцийн өвчинд илүү өртөмтгий болдог байна.
М.Халиун
Нийтлэлийг хуулбарлахыг хориглоно.