Өдий болтол төрийн бодлого нь тодорхой бус, корона вирустай тэмцэх төсвөө батална, батлахгүй гэж намаараа талцан хэрэлдээд, хоёр тийшээ хараад суучихсан, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч хоёр нь биесээ магтаад л байхаас биш өнөөх манлайлал нь огт харагдахгүй, 331 сая хүн амтай, зүсэн зүйлийн арьс өнгө, бэлгийн чиг хандлага, улс төр, нийгмийн эрс тэс үзэл бодол, хорвоогийн бүх шашны цуглуулга, буу зэвсэг, хар тамхины үүр уурхай, боловсон зангийн хэмжүүр болсон хуурамч инээмсэглэлийнхээ цаана арьс өнгө, шашин шүтлэг, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах, үзэн ядах үзлээ сайтар нууж, зөвхөн эдийн засаг, мөнгө хүүлэл, хуулийн дарангуйллын дор тэр бүхэн нь дарагдаж явдаг ч сонгууль, нийтийг хамарсан шоу, өвчин тахлын үед тэр нь дэлбэрч гардаг, энэ их хөглөрсөн улс нөмрөн ирсэн цар тахлын өмнө яахаа мэдэхгүй, дорвитой шийдвэр, шийдгүй, эрх баригчид нь хэрүүл хийгээд сууцгааж байна!
Ганц нэг их сургууль хичээлээ онлайн болгосон ч дунд сургуулийг карантийлах тухай юу ч ярихгүй байна! LAUSD буюу Лос Анжелесийн Сургуулиудын Нэгдсэн Захиргаа-наас өдөр бүр ирж байгаа автомат мэсэж нь "-Тайван амгалан байцгаа! Бүх юм хяналтанд байгаа. Хичээл хэвийн явагдана!" гэсэн тайвшруулах тариа! Сургуульд нь маск зүүсэн хүүхэд манай хоёроос өөр алга! Хүүхдээ хичээлд нь явуулах уу, байх уу гэсэн ац бодолд орчхоод яахаа мэдэхгүй байна! Гадаад дахь монголчууд бид байгаа байгаа газраа ариун цэврээ сахиад, амиа аргацаан тэсэж үлдэх ганц зам үлдсэн бололтой!
Цаана чинь ерөнхийлөгч Доналд Трамп гуай ч халдвар авсан байж болзошгүй байна! Учир нь түүнтэй ойрмогхон уулзсан Fábio Wajngarten нэрт Бразилын албаны нэг хүн нутагтаа буцаж очоод шинжилгээ өгтөл коронавирус туссан нь илэрчээ! Хаа очиж, мань мэтийн "хэнхгүүд" үглэж дуулсны хүчинд манай төр засаг, тусгай албад богино хугацаанд эрчимтэй ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авснаар Монгол маань аюулыг хазаарлаж чадсан. (Харийн доншуучийн гай, ухамсаргүй албатын уршгаар өмнөх амжилтаа нураачихсан л болохоос!)
Төр засаг нь ийм алмай, дээр нь ард иргэд нь тоож байгаа ч юм алга! Эд нар их сонин! Маск вирусээс хамгаалж чадахгүй гэж итгүүлчихсэн учраас маск огт зүүхгүй, харин маск зүүсэн хүнийг халдвартай гэж ойлгоод, айж цэрвээд, сэжиглээд сүйд болох! 4 хоногийн өмнө Чикагогоос Лос Анжелест ирэхэд хил, шалган дээр халуун хэмжиж байгаа, асуулга бөглүүлж байгаа юм огтхон ч байхгүй, 75 зорчигчтой American Airlines-ын онгоцон дотор маск зүүсэн хүн надаас гадна 3-хан л байсан. Хажууд суусан масктай, хижээл насны шар авгай надаас жийрхэж байна гэж жигтэйхэн! "-I'm not from China and I am not infected!" гээд хашхирчихмаар байсан ч яршиг уу даа, түмэн амьтны тав тухыг алдуулаад түвэг үү дээ гэж бодоод, тэвчээд... Тун тавгүй явж ирэв. Тэгтэл уржигдар жолооны үнэмлэхээ сунгуулахаар манайхаар Замын Цагдаагийн Газар луу масктай ортол үйлчилж байсан хар залуу надаас жигтэйхэн цочингоо ийн асууж байна!
-Чи зүгээр үү?! Халдвартай юм уу?!
-Яалаа гэж дээ! Халдвараас өөрийгөө ч, чамайг ч сэргийлж байхад даа! гэж хэлээд маскаа авч, халаасандаа хийсэн хойно сая мань хүн тайвширч, надад үйлчлэх жишээний! Ийм улсыг яана вэ?! Гудамжинд гараад, тахлаас сэргийлж маск зүүгээч гэж хашхирмаар болох юм! Өвчтэй хүн л маск зүү, бусад нь хэрэггүй гэх зөвлөгөө нь өөрөө их харалган санагдана. Эрүүл хүн ч маск зүүж, шүүлтүүртэй агаар амьсгалж, өвчтэй хүний шүлс, халдвартай агаар орчноос өөрийгөө маск зүүж байж л хамгаалмаар юм. Гай зовлон нүүрлэхэд энэ олон сая хүн нэгдсэн удирдлагагүй, хөл толгойгүй бужигнавал яана?!
Өвчин тахал, гай зовлон холуур, хөнөөл багатай л өнгөрөөсэй билээ!
Жич: Хоол идсэн тогоо руугаа нулимлаа, мууллаа гэж зарим нь намайг хэлэх л байх, хамаагүй! Хорвоо гэдэг хар, цагааны хоорон дахь өнгө өнгийн холимог. Сайн, муу хоёр нийлж сав дүүрдэг хорвоо! Сайны хажуугаар саар муу, манайхнаас долоон дор юм энд зөндөө л бий. 15 жил амьдарсан газрынхаа сайн мууг би мэдэхгүй бол, гаргаж хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ! Хөрөнгөт ертөнцийн эрээн барааныг хангалттай л харж, амсаж явна. Америкийг "Мөрөөдлийн газар", "Хөгжлийн туйл", "Ардчилал, хүний эрхийн манаач", "Газрын диваажин" мэтээр сурталддаг цаг нэгэнт үеэ өнгөрөөж, энэ хооронд бид ч Америк, хийгээд Барууны хөрөнгөт нийгмийн мөн чанарыг таньж, эх орныхоо үнэ цэнийг илүү их мэддэг, мэдэрдэг болж дээ. Аливаа юм хэмжээтэй байдаг тул энэ их тахалд эцэс гэж байх байлгүй. Одоо бид цагийг тэсэн өнгөрүүлж, амьд мэнд үлдээд, цар тахал дарагдсан хойно нутгаа тэмцэх нь зөв болж байх шиг байна. Гадаад, дотоодгүй монголчууд минь ариун цэврийг сахиж, эв эеийг эрхэмлэж явцгаая!
Тэс, тэс, тэс!
Америкийг Бурхан ивээг!
Монголчуудыг Тэнгэр ивээг!
Хүн төрөлхтнийг хайр ивээг!
Бичсэн: Л.Мөнхтөр
Лос Анжелес Хот,
2020/03/12