За би Австри улсад амьдардаг хүний хувьд жоохон сонин хуучлья!
Энэ улсад нөгөө вирус гарахгүй уг нь нэлээн гүрийсэн. Урд хөрш Итали улс аль хэдийн халдварлагсад нь 500 гараад хяналтаа алдах хүртэл эднийх хилээ ч хаагаагүй, хориг ч тогтоохгүй, гайхалтай тайван улс хэвээр л байсан. Гэтэл нөгөөх Ко гайг 2 Итали аваад ирлээ гэнгүүт эхний өдөр л бараг бүх дэлгүүр, эмийн сангийн ариутгалын бодис, маск нь дууссан. Тэгээд л өдөртөө хүнсээ бөөндөөд дэлгүүрийнхээ лангуунуудыг хуурайлж гарсан. Хэд хонотол хэсэг уужраад гайгүй болоод засаг захиргаа нь ч тоож байгаа юмгүй, гудамжаар нь маск зүүсэн ганц ч хүн байхгүй, олноороо цуглаад л бужигнаад л хэд хонотол өчигдөрөөс нөгөөх халдвар чинь 1 хоногт л 50 - 70 хүнээр нэмэгдээд, нэг хүн нас бараад, халдвар авагчдын тоо хэдхэн хоногт 500 хол давсан хойно гэнэт сэрсэн юм шиг засаг төр нь мэдэгдэл хийгээд, бүх цэцэрлэг, бүх шатны сургуулиудаа улаан өндөгний баярын амралт дуустал хаасан. Дээр нь баар, ресторан, хоолны газруудыг 15 цаг хүртэл ажиллах болгож, үйлдвэрүүд, хүнсний дэлгүүрүүд, эмийн сангаас бусад бүх дэлгүүр үйлчилгээний газруудыг хааж, 100 гаас олон хүн цуглах үйл ажиллагаа, амралт зугааллагуудыг бүгдийг нь цуцалчихлаа. Халдвар ихтэй мужуудын олон хүн буудалладаг том буудлуудыг хүртэл тодорхойгүй хугацаагаар хаасан. Ард түмэндээ гэртээ байцгаа, битгий сандар, хоол хүнс бүү нөөцөл гэж айлдлаа. Хэзээ ч маскаа зүү гэж хэлэхгүй нь гайхмаар. Тэгсэн мөртлөө бүгдээрээ эхний өдөр маскуудаа аваад нуучихсан хөөрхийс.
Гэвч дайн байлдаан их туулсан ард түмэн гэж энэ юм болуу ? Үнэхээр сандралд орж байна. Өчигдөр өглөө хүнсний дэлгүүрүүдийн лангууг гол хэрэглээний хүнсээр хоосолсон. Бүгд айсан, уйтгартай нүдтэй. дув дуугай л хоол хүнсээ тэргэн дээрээ овоолоо л байсан. Би 15 жил энд амьдрахдаа хэзээ ч ийм урт оочер, лангууны хоосрол үзээгүй. Дэлгүүрт ортол дүүрэн хоосон тавиур хараад нээх эвгүй санагдаад, нэг мэдсэн дагаад л үлдсэн юмнуудыг нь хамсоон бас.
...Монгол хүнд мах, гурил, будаа, гоймон байхад амьдрана доо ч гэх шиг хоорондоо яриад л авах гэтэл яг л тэр зүйлс бүгд дууссан байсан.
Өнөөдөр харин эргээд жоохон уучирч байгаа бололтой. Гэхдээ л хүнсний хомсдолд орох шинжтэй харагдаж байна.
Өөрсдийнхөө хөгжил дэвшил,хүч чадал, техник технологи, анагаах ухаандаа бүрэн итгэдэгг энэ улс төдийгүй бүхэл Европ үнэхээр энэ өвчний өмнө хяналтаа алдан сандарч байна.
Ингээд дэлхийн эдийн засгийн том хямрал эхэллээ дээ.
Үзэсгэлэн худалдааны талбайг тусгаарлах байрнууд болгон бэлдэж байна.
Адгийн наад зах нь бага насны болон сургуулийн хүүхдүүдээ гэртээ харах шаардлагатай аав ээжүүдийг ажлаас нь албан ёсоор цалинтай чөлөөлөх төсвөөс эхлээд компануудын хэвийн ажиллагаа алдагдан, татвар төлөгчид уналтанд орох магадлал өндөр байна гээд энэ нь тэрбум тэрбумаар тоологдох евроны хохиролд учруулах нээ гэж улсын канцлер Курз өчигдөр мэдэгдэж байна лээ.
Саяхан алс хол хятадууд өвдөөд л тэр хүчтэй улс орон дор нь дарчих биз гээд л нээх хамааралгүй мэт алхаж явсансан. Гэтэл өнөөдөр нэгнээ ханиахад нь сэртэс хийж хараад, айдас хүйдэст автан, өөрийн 2 гарнаасаа хүртэл айж сэжиглэн амьдрах цаг иржээ. Дайснаа хаана байгааг нь мэдэхгүй байлдах гэдэг хамгийн хэцүү дайн байх даа гэж бодож сууна.
Хүний газар өвдчихгүй юмсан гээд гараа ойр ойрхон угаагаад л, эх нутгийнхаа зүг чихээ сортойлгоод залбираад л сууж байна даа.
Эх дэлхий минь ямар жижигхэн юм бэ? хүмүүс бид бие биенээсээ ямар их хамааралтай юм вэ? гэдгийг ойлгуулж байх шиг байна
Монголчууд минь их эрт арга хэмжээ авсан. Мундаг шүү! Төр засаг гэж ямар бодлоготой, ухаантай байж,ард түмнээ бүхнээс илүү үнэлж, хамгаалж чаддагийг, Монгол гэж ямар эв нэгдэлтэй хүчирхэг ард түмэн гэдгийг дэлхийд хашгиран таниулах өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэн сууна. Монгол хүн бүрийг, тэдний толгой дээрх үсний ширхэг бүрийг сахин хамгаалж буй Бурхандаа талархаж байна.