Улсын төсөв 120 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
Коронавирусний тархалтаас хамгаалах арга хэмжээнүүдийн улмаас төсвийн орлого буурах нөхцөл байдал үүссэнийг хаа хаанаа мэдэж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Коронавирустэй холбоотойгоор төсөвт ачаалал ирнэ, гэхдээ оны төгсгөл хавиар нөхөөд авчих байх” гэсэн. Мөн тэрбээр “Улсын төсвийг тодотгохгүй. Төсөвт тусгасан үйл ажиллагаануудаа хэмнэлтийн горим, ач холбогдлын эрэмбээр хэрэгжүүлнэ. Тодорхой хэмжээнд хөл хориотой байгаа үед эдийн засгийн агшилт явагдаж байгаа. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтыг царцаахгүй. Тендерээр баригдах ёстой сургууль, цэцэрлэгээ барина. 2016 оноос хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулахаар санал санаачлагууд гаргаж ажилласан. Суурь үзүүлэлтүүд ч сайжирсан. Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нэг жил орчмын хүнд байдлыг даван туулах хэмжээнд байгаа. Төсвийн санхүүжилтийг зээл авахгүйгээр хэрэгжүүлнэ” гэсэн.
Тэгвэл Монгол Улсын төсвийн орлого энэ оны эхний хоёр сарын байдлаар ямар байгааг ҮСХ-ны мэдээлэлд тулгуурлан хүргэе.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 1.4 их наяд төгрөг болжээ. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Харин улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны хоёрдугаар сард 697 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 848 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.9 тэрбум төгрөгөөр өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогын:
- 85.7 хувийг татварын орлого
- 7.8 хувийг татварын бус орлого
- 6.2 хувийг ирээдүйн өв сангийн орлого
- 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.
Нийгмийн даатгалын орлого 36.7 (14.0%) тэрбум төгрөг, хөрөнгийн албан татвар 0.2 (1.2%) тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 (25.8%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 33.5 (23.6%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 19.1 (12.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь татварын нийт орлого 2020 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 76.2 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлжээ.
Улсын төсвийн Зарлагын өсөлтөд:
- Урсгал зардал 225.1 тэрбум төгрөг
- Хөрөнгийн зардал 115. тэрбум төгрөгөөр өссөн голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагад урсгал зардал 88.5 хувь, хөрөнгийн зардал 11.5 хувийг эзэлж байна. Улсын төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 272.3 (30.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.