Согтуугаар жолоо барих нь нэмэгдсэн тул нэг удаагийн драгераар шалгана
Хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргах тохиолдол нэмэгджээ. Энэ талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгджээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Хорио цээртэй холбоотойгоор хөдөлгөөний ачаалал хэвийн байгаа ч иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, осол гэмтэл гаргах тохиолдол их байна. Иргэд ташаа ойлголттой байгаа. Коронавирус өвчний халдвартай холбоотойгоор тандагч багажийг жолооч нараар үлээлгэхийг түр хугацаагаар хориглосон. Гэхдээ нэг удаагийн хошуу ашиглаж драгераар үлээлгэж байна. Нэг удаагийн хошуугаар нэг жолоочийг л үлээлгэнэ. Ингэж хяналт шалгалтыг тавьж ажиллаж байгаа.
Иргэд буруу ойлгон замын цагдаагийн ажилтнууд хяналт шалгалт тавихгүй байна гэж бодож архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, осол гаргах тохиолдол нэлээдгүй байна.
Энэ оны эхний хоёр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 1662 жолоочийг согтруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байсныг таслан зогсоосон. Орон нутагт 2060 тохиолдол бүртгэгдсэн. Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын Цагдаагийн газар хяналт шалгалтаа тогтмол эрчимжүүлж байна.
Ер нь жолооч нарт сонголт олон бий шүү дээ. Согтруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооч дуудах, таньдаг хүнээ дуудах, такси бариад явах боломж бий. Гэтэл хорио цээрийн ийм үед архи согтууруулах ундаа уусан, бүр хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьсан зөрчил олон бүртгэгдлээ. Баянгол дүүргийн хэмжээнд зөвхөн хорио цээрийн хугацаанд гэхэд хайс, хашлага мөргөсөн дөрвөн осол гарсан. Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд гэхэд Баянгол дүүргийн хэмжээнд таван жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад саатуулагдсан байна. Бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг нь их байсан.
-Авто замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ?
-Нийслэлийн хотын хэмжээнд төв замууд хэвийн, түгжрэлгүй байна. Хөдөлгөөн сийрэг байгаа үед жолооч нар шөнө, орой хурд хэтрүүлэх тохиолдол байдаг. Урин дулаан цаг ирж байгаа ч гэсэн автозам халтиргаа, гулгаа үүссэн байдаг. Иймд иргэд анхаарах хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, явган зорчигчид зам тавьж өгөх зэрэгт анхаараарай. Сургууль, цэцэрлэг амарсан байгаа энэ үед бага насны хүүхэд дэлгүүр, хоршоо орох, гэрийнхээ ойр орчимд явж байгаа тохиолдол нэлээдгүй анзаарагдаж байгаа. Иймд осол аваарт өртөж болзошгүй учраас эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор хүүхдүүд зам тээврийн осолд өртөх гэмт хэрэг буурсан уу?
-Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх гэмт хэрэг нийслэлийн хотын хэмжээнд 40 – 50 хувь буурсан. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 45.6 хувиаар буурсан үзүүлэлттэй байгаа.