ДОХ-ын халдвараас эдгэсэн дэлхийн хоёрдахь тохиолдол бүртгэгдлээ
Адам Кастиллехо / Adam Castillejo / “Итгэл найдварын элч” болохыг хүсч байна.
Лондон хотын оршин суугч эр ХДХВ-ын халдвараас эдгэсэн дэлхийн 2 дахь тохиолдол болж байна хэмээн эмч нар мэдээлллээ.
Адам Кастиллехо ретровирусын эмчилгээг зогсоосноос хойш нийт 30 сарын турш халдваргүй байгаа юм. ХДХВ-ын эмчилгээ судалгааны талаар нийтэлдэг Лансет HIV сэтгүүлд уг өвчтөн нь ХДХВ-ын эм бус хорт хавдрын эсрэг үүдэл эсийн эмчилгээний үр дүнд эдгэсэн болохыг дурджээ. Түүнд шилжүүлэн суулгасан үүдэл эсийн донор нь ХДХВ-ын эсрэг хамгаалалт үүсгэдэг ховор генийг агуулсан байна. 2011 онд “Берлиний өвчтөн” гэгддэг Тимоти Браун 3 жил гаруй хугацаанд дээрх эмчилгээг хийлгэж, ХДХВ-ын халдвараас эдгэсэн анхны хүн болж байсан юм.
Үүдэл эсийн эмчилгээ гэж юу вэ?
Үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээ нь өвчтөний дархлааны эсүүдийг донорын ХДХВ-ын халдварыг эсэргүүцэх чадвар бүхий дархлааны эсүүдээр орлуулах замаар өвчтөний биед байгаа халдвар үүсгэгч вирусын өсөлтийг зогсоох процесс юм.
Адам Кастеллихо нь 40 настай бөгөөд өнгөрсөн жил хийсэн шинжилгээгээр түүний бие вирусаас ангижирсан болохыг мэдээлж байсан ч тэрээр өөрийн нэр, өвчний түүхийг нууцлахыг хүссэн тул “Лондоны өвчтөн” гэгдэж байсан. Сүүлд хийсэн шинжилгээгээр түүний цус, эс, үрийн шингэнээс ХДХВ-ын идэвхтэй вирус илрээгүй болохыг эмч нар мэдэгдсэн учраас ийнхүү олон нийтэд ил гарахыг хүссэн байна.
Судалгааг удирдаж буй Кембрижийн их сургуулийн профессор Равиндра Кумар Гупта “энэ үйл явдал нь ХДХВ-ын эмчилгээний үр дүнг дахин баталлаа. Бид ретровирусын эсрэг эмчилгээн дээр ажиллаад 2,5 болж байна. 9 жилийн өмнө “Берлиний өвчтөн”-д үүдэл эс шилжүүлэн суулгах замаар ХДХВ-ыг амжилттай эмчилсэн бөгөөд цаашид уг эмчилгээ амжилттай хэрэгжих боломжтой болохыг судалгааны үр дүн харуулж байна” хэмээн “BBC News”–д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Уг эмчилгээ нь ХДХВ-ын вирус бус уг халдвараас үүдэж өвчтөнд үүссэн хорт хавдрыг эмчлэхэд зонхилон хэрэглэгддэг тул ХДХВ-ын халдвартай сая сая хүмүүст бүрэн нийцэх эсэх нь эргэлзээтэй юм. Одоогийн хэрэглэж буй ХДХВ-ын эм нь өвчнийг бүрэн эмчлэхгүй ч халдвартай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгахад тодорхой үр дүнгээ өгч буй билээ.
Профессор Гупта цааш хэлэхдээ “ энэ эмчилгээ нь эрсдэл өндөртэй бөгөөд зөвхөн ХДХВ болон амь насанд аюултай цусны эмгэг хавсарсан оноштой өвчтнүүдэд л хэрэглэгдэх боломжтой. Харин ретровирусын эмчилгээ хийлгэж буй бүх өвчтөнд өргөн хэрэглэх боломжгүй ” хэмээн мэдэгдлээ. Гэвч энэ нь ХДХВ-г эмчлэхэд генийн эмчилгээг ашиглахад найдвар төрүүлж байгаа юм.
CCR5 нь ХДХВ-1(ХДХВ-ын хамгийн өргөн тархсан хэлбэр)-ын халдварыг эсэд дамжуулдаг гол рецептор бөгөөд маш цөөхөн хүн ХДХВ-ын эсрэг дархлаатай буюу мутацид орсон CCR5 рецептортой байдаг. Ийм рецептортой эсэд ХДХВ вирус нэвтрэн орох боломжгүй гэсэн үг юм. Судлаачид ХДХВ-ын халдвартай хүний CCR5 рецепторыг генийн эмчилгээнд ашиглах боломжтой гэж үздэг. Дашрамд дурдахад, уг рецепторыг судалж байсан Хятадын эрдэмтэн Хө ЗяньКуй генийн өөрчлөлттэй хүүхэд гаргаж авсан хэргээр хоригдож буй билээ.
Энэ эмчилгээ үр дүнтэй юу?
Туршилтын явцад Кастиллехогийн дархлааны эсүүдийн 99% нь донор эсүүдээр солигдсон байна. Тэрээр Брауны адилаар биедээ вирусын үлдэгдлийг тээсэн хэвээр байгаа бөгөөд ХДХВ-ын халдвараар дахин өвдөхгүй гэж хараахан батлан хэлэх боломжгүй юм. Кастиллехо Нью Йорк Таймсд өгсөн ярилцлагандаа: “Энэ бол үнэхээр ховор тохиолдол. Би итгэл найдварын элч болохыг хүсч байна. Намайг тусгайлан сонгосон учраас ийм үр дүнд хүрсэн гэж хүмүүсийг бодоосой гэж хүсэхгүй байна. Би ердөө л зөв цагт зөв газраа байсан хэрэг.” гэжээ.
Австралийн Мельбурнийн Их сургуулийн профессор Шэрон Левин “олон тооны эсээс дээж шинжилгээ авч, вирусын шинж тэмдэг илрэхгүй байлаа гээд Лондоны өвчтөн үнэхээр эдгэсэн эсэх нь эргэлзээтэй” гээд энэ өвчтний эмчилгээнд дурдагдаж буй нэмэлт мэдээллүүд цаашдын судалгаа шинжилгээнд ач тустай боловч, зөвхөн цаг хугацаа л бүгдийг харуулна” гэлээ.