"БНСУ-аас ирэх иргэд тусгаарлах зардлаа төлөхгүй бол нислэг баталгаажихгүй"
БНСУ-д буй монгол иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авч ирэхтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штабаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ, ГХЯ, МИАТ ТӨХК-ийн холбогдох албан тушаалтнууд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр: "ХААН банкны 5084538375 гэсэн Онцгой байдлын ерөнхий газрын данс байгаа. Энэ дансны дугаар бол гаднаас ирэх иргэд ирсэн хойгоо тусгаарлах байранд байрлах зардал хүлээн авах данс. ОБЕГ дээр уг зардлыг төвлөрүүлж байгаа. Яг одоогийн байдлаар 210 хүн төлбөрөө төлсөн байгаа.
Үүнээс 85 хүн нь БНСУ-аас ирэх иргэд байна. Энэ төлбөр бол 14 хоногийн хугацаанд Монголд тусгаарлах үед гарах байр, хоолны зардал.
Бидний сонгож авсан байр бол зарим нь сувиллын зориулалттай, зарим нь цэргийн зориулалттай, казармын хэлбэр бол гурав дахь нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүлээн авах боломжтой гэдгээ мэдэгдсэн зочид буудлууд байгаа. Сувиллын зориулалттай байранд нэн тэргүүнд өвчтэй, өндөр настай, гадаадад эмчилгээ хийлгэж байгаад ирсэн, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн зэрэг хүмүүсээ байрлуулна.
- Сувиллын байрны үнэ хоногийн 50,000 төгөрөгөөр тооцсон. Үнийг гаргахдаа олон нөхцөл байдлаар судалж, дундаж ханшийг гаргаж ирсэн.
- Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн байрыг халдвар хамгааллын дэглэмд нийцүүлээд цөөн тоогоор хүмүүс байрлуулахаар болсон. Энд 40,000 төгрөгөөр байлгах юм.
- 0-5 насны хүүхдүүдийг үнэгүй байлгана.
- 6-15 насны хүүхдүүдийг 30,000 төгрөгөөр байрлуулахаар тооцсон" гэлээ.
Ийнхүү 14 хоногийн төлбөрөө иргэд дээрх данс руу илгээх ёстой. Гэвч БНСУ-аас ирэх хүмүүст төлбөр төлөхөд бэрхшээл гарч байна. Хэдийгээр ирэх хүмүүсийн нэрсийн жагсаалт ирсэн ч тэр хүмүүстэй холбогдох утас жагсаалтад байхгүй. Мөн иргэд тусгаарлах зардлыг шилжүүлэхдээ АТМ-аас шилжүүлэх, нэг иргэн 3-4 хүний төлбөрийг төлөх, мөнгө шилжүүлж буй монгол дахь ойрын хамаатан садан нь өөрийн нэрийг гүйлгээний утга дээр бичсэн зэрэг алдаа гаргаж Улсын онцгой комиссын шуурхай штабын ажилд хүндрэл учруулж байгааг хэллээ.