"И-Март" дэлгүүр махны үнэ нэмснийг илрүүлж, 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.
Уг шийдвэрийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр “И март” дэлгүүрт махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар “И март” дэлгүүр нь гуравдугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоожээ. Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэлд нь “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Хуульд зааснаар аж ахуйн нэгжид энэ тохиолдолд 20 сая төгрөгийн торгууль ногдуулахаар заасан юм байна.
24tsag.mn