Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ
Ангараг гаригт очиж суурьших анхны хүмүүсийг нас барах үед нь хэрхэн оршуулах төлөвлөгөөг биоинжинер Ж.Ж. Хастингис, дизайнер Пиа Интерланди нар хамтран боловсруулжээ. Space.com-д бичсэнээр бол энэ төсөл нь хоёр хэсгээс буюу зан үйлийн (шашны зан үйлтэй холбоотой) болон цогцсыг био материал болгох гэсэн хоёр хэсгээс бүтэх юм байна.
Төслийн эхний хэсэг нь талийгаачтай хамтран ажиллагчид нь салах ёс гүйцэтгэх үед цогцсыг нимгэн торгон эдээр ороох явдал юм. Хастингис болон Интерланди нарыг үзэж байгаагаар ийм нимгэн эдээр ороох нь авсны үүргийг гүйцэтгэхээс гадна цогцос зөөвөрлөхөд зай бага эзлэх, үлдэж хоцорч байгаа хүмүүст үхэл гэдэг бидний амьдралын нэг хэсэг гэдгийг сануулж байх сайн талтай юм байна. Энэ ороосон зөөлөн эд дээр “Намайг үхсэний дараа миний бие цогцос та бүхэнд хэрэг болох юм” гэсэн бичиг тавих аж.
Зөөлөн эдээр ороосон цогцос нь Ангарагийн газар шороонд задарч эхлэх хүртлээ хэсэг хугацаагаар байх ба дараа нь энэ задрал тодорхой хэмжээнд хүрэх үед тэр чигээр нь устгалд оруулж био материал болгох гэнэ.
Энэ аргыг бодож олсон дээрх хүмүүс нь ингэж био материал болгох үйлдэл нь заавал хийх ёстой зүйл бөгөөд Ангараг гариг дахь аливаа нөөц бололцоо дутмаг нөхцөлд олж болох бүх л био материалыг, тэр дотроо хүний цогцсыг ч бас заавал ашиглах хэрэгтэй гэжээ. Тийм учраас хүний цогцсыг үгүй болгох явцдаа бордоо болгож ургамлын ургацыг сайжруулж болох юм байна. Харин ямар технологи ашиглан ийм бордоо болгох талаар одоогоор шийдэлд хүрээгүй байгаа ба төслийг зохиогчид маань удахгүй хамгийн боломжит аргыг сонгох билээ.
Энэ оршуулгын арга технологи маань ойрын үед хэрэг болох эсэх нь тодорхойгүй. Ямар ч байсан Илон Маскийн бодож байгаагаар бол 2050 он гэхэд Ангараг гариг дээр зуугаад мянган хүн очсон байх аж.