Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн энэ үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж иргэд, хэрэглэгчдийг хохироосон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцож, тухайн газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэхээ мэдэгдлээ.
Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
ШӨХТГ үндэслэлгүйгээр үнэ нэмсэн асуудалд хяналт тавин, ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа бөгөөд нөхцөл байдлыг далимдуулан үнээ өсгөсөн худалдааны төв, дэлгүүрийн талаарх мэдээллийг 1800-1284 дугаарын утсаар мэдээлэх боломжтой юм.
Өчигдрийн байдлаар иргэдээс өргөн хэрэглээний бараа материал, ариутгагч бодис, амны хаалттай холбоотой 11 гомдол ирүүлээд байгаа бөгөөд Улсын Онцгой Комиссын хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээл дэх нийлүүлэлт, мах, гурил, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг мэдэгдсэн юм.
Тиймээс ард иргэд тайван байж, УОК-ын шийдвэрийг даган, хэрэглээгээ зохицуулах нь чухал төдийгүй Засгийн газраас хүнс, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тогтвортой байлгахаар шаардлагатай зохицуулалтуудыг хийж байна гэж Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.