Коронавирусын халдвар авсан 103 настай иргэн бүрэн эдгэрч чаджээ
“COVID-19”-ын халдвар авсан Хятадын иргэн 103 настай эмэгтэй Ухань хотод 6 хоногийн турш эмчилгээ хийлгэсний дараа бүрэн эдгэрсэн байна. Тэрээр өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд ямар нэгэн суурь өвчингүй байсан нь хурдан эдгэх гол шалтгаан болжээ.
Ингэснээр Жанг Гуань Фэн нь Коронавирусын халдвараас эдгэсэн өвчтнүүдээс хамгийн өндөр настай нь болоод байна. Түүний эмч Зэн Юүлан орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “өвчтөн суурь өвчин харьцангуй багатай байсан тул 7 хүрэхгүй хоногийн дотор эдгэлээ” гэжээ.
Өвчтний хувьд өнгөрсөн 3 сарын 1 нд Хятадын Хубей мужийн Ухань хотын Тоньжи Анагаах ухааны коллежийн харьяа эмнэлэг болох Лиюаньд хийсэн шинжилгээний хариугаар "COVID-19"-ын халдвар авсан нь нотлогдсон билээ.
Тэрээр анх эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ биеийн байдал нэлээд хүнд байсан бөгөөд эмнэлгийн ажилчидтай ярилцаж ч чадахгүй байжээ. Ахлах сувилагч Ляао Жэнхуй “сувилагч нар эмээд хоолыг нь ээлжлэн халбагадаж өгдөг байсан, мөн живхийг нь сольж байсан” тухай орон нутгийн хэвлэлд дурджээ. Мөн түүнчлэн байнгын асаргаа сувилгаа, шим тэжээлийн эмчилгээнүүд эдгэрэхэд нь үр дүнгээ өгсөн болохыг мэдэгдлээ.