Баян-Өлгийд амьдардаг монгол хүүхдүүд хүчирхийлэлд өртөх болжээ
Хүүхдийн хүчирхийллийн асуудал энэ өдрүүдэд хөндөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор үндэсний цөөнх казахуудын амьдардаг Баян-Өлгий аймагт оршин сууж буй монгол хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээллийг олны анхаарлын төвд оруулах нь зөв болов уу.
Баян-Өлгий аймаг 100,727 хүн амтай. Хүн амын бүтцийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Нийт хүн амынх нь 93 хувь нь үндэстний цөөнхийн нэг томоохон бүлэг болох казахууд. Үлдсэн долоон хувийг дөрвөд, урианхай, тува, халх зэрэг ястан эзэлдэг.
Гэвч Баян-Өлгий аймагт аж төрж буй халх, дөрвөд, урианхай зэрэг ястаны хүүхдүүдийн эх хэл, төрийн албан ёсны хэлээр сурч боловсрох эрх ноцтой зөрчигддөг болсоор уджээ. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран 2016 онд Баян-Өлгий аймаг дахь хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийсэн байна.
Энэ судалгаанд тус аймгийн Өлгий, Булган, Буянт, Цэнгэл, Алтанцөгц гэсэн таван сумыг хамруулж, 9-18 насны 301 сурагч болон 169 эцэг эх, асран хамгаалагч, 85 багш, 11 боловсролын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, удирдах албан тушаалтан, нийт 693 хүнийг хамруулжээ.
Судалгаанд оролцсон Өлгий сумын монгол хүүхэд “Манай ангид математик ордог казах багш бид нартай монголоор их тааруухан ярьдаг, харин казах суралцагчидтай казахаараа ярьдаг. Казах суралцагчид ойлгоогүй зүйлээ лавлавал казахаараа тайлбарлаж өгдөг ч, монгол суралцагчид лавлавал асуултад хариулдаггүй” хэмээн ярьсан байна.
Хүний эрхийн үндэсний комисс Баян-Өлгий аймгийн хувьд төрийн албан ёсны хэлээр сургалт чанартай явагдахгүй, хэлний цөөнх хүүхэд зонхилох бүлгийн хэлийг мэдэхгүйн улмаас ангийнхан, үе тэнгийнхэнтэйгээ харилцахад бэрхшээл учрах, хичээлийн заавраа бүрэн ойлгохгүй учир бусдаас сурлагаар хоцрох, үе тэнгийнхэн хоорондоо бие биенээ үндэс угсаа, хэлээр ялгаварлан гадуурхах хандлага түгээмэл байна. Мөн хичээлээс гадуурх секц, дугуйланд явдаг болон явах хүсэлтэй суралцагчдын тухайд угсаа гарлаар гадуурхдаг хүүхдүүдээс айх, тэдэнтэй тааралдахгүй байхыг хичээх зэргээр дугуйлан, секцээ таслах, орхиход хүрч байна.
Мөн зонхилох бүлгийн хүүхдүүдтэй хамт дотуур байранд амьдарч байгаа хэлний цөөнх суралцагчийн хувьд анги дэвших тусам сургуулийн багш, ажилтан, үе тэнгийнхний зүгээс ялгаварлан гадуурхах, зодох, шийтгэх, дээрэлхэх үзэгдэл улам нэмэгддэг. Судалгаанд хамрагдсан нийт багш, сурагчдаас сургууль дээр хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байгаа эсэхийг тодруулахад тэд “ямар нэг байдлаар байдаг” гэсэн хариулт өгсөн. Түүнчлэн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад хэлний цөөнх сурагчид илүү өртөж байгааг асуулга болон ярилцлагаар цуглуулсан баримт нотолж байна гэж үзсэн байна.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 51 дүгээр тогтоолоор “Хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн сургалтын талаар баримтлах аймгийн бодлого, чиглэл”-ийг баталж, хичээлийн агуулгыг дараах байдлаар хүргэхээр төлөвлөжээ.
Хэдийгээр тус аймаг сургалтыг хос хэлээр явуулж байгаа ч багш нарын болон бусад казах суралцагчдын монгол хэлний мэдлэг тааруу байгаагаас болж хичээл заах үед зааварчилгааг эх хэл буюу зонхилох бүлгийн хэлээр ярихыг илүүд үздэг, сургалтын хөтөлбөр, хичээлийн агуулгаа суралцагчийн хэрэгцээтэй уялдуулан анхаардаггүй, багшийн зүгээс өөрт амар хялбар арга замыг сонгодог, казах хэлтэй бусад хүүхэд хичээлд оролцохдоо казах хэлээр ярих зэргээс болж монгол хэлтэй суралцагч хичээлээ ойлгохгүй үлдэх, тэдний суралцах идэвх, сурлагын амжилт буурах зэрэг нөхцөл байдал үүсдэг байна.
Үүнээс гадна судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн 10 суралцагч тутмын 6 нь өөр үндэс угсаа, хэлний ялгаанаас болж сургууль дээрээ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол, бусад 4 суралцагч нь хүчирхийлэлд өртөж байгаагүй гэж хариулжээ. Түүнчлэн зорилтот бүлгийн суралцагчид хүчирхийлэлд байнга (10.3 хувь) болон ихэвчлэн (10.9 хувь) өртдөг гэсэн давтамж нь хяналтын бүлгийн суралцагчдын хүчирхийлэлд байнга (3.3 хувь) болон ихэвчлэн (1.3 хувь) өртдөг давтамжтай харьцуулахад өндөр байна. Анги дэвших тусам хүчирхийлэлд өртөх давтамж хяналтын бүлгийн хувьд буурч, зорилтот бүлгийн хувьд нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Тус аймагт казах хүүхдүүдээс илүү казах багш нар биднийг ялгаварлан гадуурхах нь их байдаг. Жишээ нь казах, монгол 2 хүүхэд муудалцаж маргалдлаа гэхэд хэнийх нь буруу байх нь хамаагүй, үргэлж л монгол хүүхдийн буруу болж таардаг. Багш нар, сургуулийн удирдлагууд яаж ийж байгаад л монгол хүүхдийн буруу болгочихдог тохиолдол олон гардаг байна.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 43 сургуулийн ердөө хоёр нь монгол хэлээр, нэг нь монгол, англи, турк хэлээр, нэг сургууль тува, монгол хэлээр, 33 сургууль казах хэлээр сургалт явуулдаг байна.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТАЙЛАН,
Тайланг үзэх: http://www.nhrcm.gov.mn/media/documents/1543308348_undesnii-tsuunhiin-erhiin-asuudal.pdf