М.Цэрэнханд: Монголчуудын дархлаа сайн байдаг учир нь хоол, хүнсэндээ бий
Энэ удаагийн Монголын өв соёл буланд “Анкара бузная” буриад зоогийн газрын захирал М.Цэрэнхандтай буриадын үндэсний хоолны талаар ярилцлаа.
-Үндэсний хоолны олон газар байдаг. Үүнээс танайх юугаараа ялгаатай вэ?
-Манайх нээгдээд зургаан жил болж байна. Үндэсний хоол хийдэг олон газар байдаг. Үүний нэгэн адил үйл ажиллагаагаа явуулдаг. Би тогоочоор ажиллаад 10 жил болсон байна. Миний багш О.Хишигболор гэж буриад хүн байсан. Энэ “Анкара” бузная гэдэг нэрийг ганц охин нь Ангар мөрний хөвөөнд хүү төрүүлсэн учир бэлгэдэж өгсөн гэж хэлж байсан. Төмөр замтай ойрхон байрладаг болохоор гадны хүмүүс ч их үйлчлүүлдэг. Монголчууд бидний биеийн дархлаа сайн байдаг учир нь идэж буй хоол, хүнсэндээ бий гэж боддог. Манай хоолнуудад элдэв амтлагч ордоггүй гэдгээрээ онцлогтой. Хоол гэдэг соёл юм.
-Монгол хүний биед тохирсон хоол хүнсний тухай ямар нэг судалгаа байдаг уу?
-Тэр тусмаа үндэсний хоол бол нэгэн цогц соёл юм. Тухайлбал, таана, хөмүүл, мангираа түүж давсанд дараад хоолондоо хийж иддэг ард түмэн шүү дээ. Үүнийг л үргэлжлүүлэх юмсан гэж бодож явдаг. Тиймээс цэвэр мах, гурилаар дагнаж гаднаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй гэр аргаар хийдэг. Энэ хугацаанд тогтмол үйлчлүүлэгчидтэй болж амжсан.
Манайхыг зарим нь том бууз явж байна ч гэх тохилдол бий. Мөн малынхаа таван цулаар хоол хийхээс гадна чанаж багцлаад зардаг. Таван хошуу малын ашиг шим их. Сүүлийн үед шар тостой кофе л их уудаг болж дээ. Харин би шар тостой аарц мөн адууны шөлөнд аарц хийгээд үйлчилдэг. Монгол хүний биеийн онцлогт монгол хоол хүнс нь илүү тохиромжтой санагддаг. Гэсэн хэдий ч манайх төмөр замтай ойрхон байдаг учир гадаадын хүмүүс орж ирж үйлчлүүлдэг.
-Тухайлбал, үндэсний ямар хоолыг хийдэг вэ?
-Миний бага нас Дорнодын Цагаан-Овоо суманд өнгөрсөн. Хөдөөний хүүхдийн л адил аргалд явж, тарвага өвчиж Хөөврийн нуурынхаа эрэг дээр тоглож өслөө. Манайх өвөл идшээ хийхдээ адуу, үхрээ үүцэлдэг. Мөн үнээгээ саагаад сүүгээ машиндаад зөөхийгөө цохьдог. Эмээ дээрээ өссөн учир настай хүнээс илүү өв соёлоо сурсан гэж боддог. Манай буриад зон талхаа барьж мөн мойлтой зөөхийтэй тос хольдог. Мойлтой тосондоо боорцгоо жижгэлж хэрчээд, ааруул ээзгийгээ дэвтээж хийдэг. Шөнө орой тосоо хутгадаггүй гэж эмээ минь хэлдэг байв. Учир нь охин хүүхэд орой гэрлэх, төл мал орой төллөнө ч гэдэг байлаа. Мөн мойл жимсний ач тус их. Тухайлбал, хүүхдийн гэдэс өвдөхөд уулгадаг. Харин талхаа барихдаа бууны сумны хайрцагт хийгээд пийшиндээ хийж болгоно. Хальс нь их хатуу учир бидний шүд их бэхжсэн гэж боддог. Үйлдвэрийн талх шиг исгэгчээр исгэдэггүй гэдгээрээ онцлогтой. Талхныхаа хөрөнгийг хадгалахаас авахуулаад ёс жаяг байна. Хөрөнгө ээднэ, ээдэхгүй гэж байдаг. Талх барьсан савны хөрөнгөнд нь ус хийгээд хадгалдаг. Уламжлалт аргаараа одоо ч гэсэн талхаа барьж үйлчилж байна.
Үүнээс гадна буриадууд идшээ хийхдээ адууны тархийг нарийн гэдсэнд хийгээд махаа давс сонгиноор амталж иддэг. Энэ нь ядаргаа болон тал цус харвасан хүмүүст их сайн. Үүнийгээ ч би хийж байна. Саяхан захиалгаар хийсэн. Хүмүүс их сонирхож, дуртай захиалж авсан шүү. Мөн стүүжин хийдэг. Малын шийр буюу булчин мах коллегантай байдаг. Мөн жигнэсэн махтай будаатай хуурга хийхэд хүмүүс их дуртай авч иддэг.
-Үндэсний хоолоо дагнаж хийж байгаа тань их сонирхол татаж байна?
-Би “Өглөөний цай” хөтөлбөрт оролцож байгаа. Буриад талх, мойлтой тосоо олонд таниулахыг зорьж байна. Манайх цайндаа хонины годон хийж чанадаг. Бид сүүтэй цайгаа уугаад аль нэгэн хорт хавдар тусаагүй. Мөн өглөө эрт онгойдог газар олон байдаг учраас үүнд ч бас анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож явдаг. Ямар ч ажил хүнээс үнэнч сэтгэлийг шаарддаг. Би манайхаар орж ирсэн хүмүүсийг амттай сайхан хоолоор үйлчилж сэтгэл хангалуун гаргахыг хүсдэг. Манайд нэг удаа гавьяат жүжигчин Н.Батцэцэг эгч үйлчлүүлэхдээ “Чи их сайхан инээмсэглэх юм аа. Үргэлж сайхан инээмсэглэж байгаарай” гэж хэлж байсан. Энэ үг сэтгэлээс гардаггүй. Аливаа зүйл амархан бүтдэггүй учир шантрахгүй их урам авсан. Манайх шинэ салбар руу нүүж байгаа. Энэ салбартаа амралтын аль нэг өдрийг сонгож буриад зоныхоо өв уламжлалыг дуулж залуучууддаа таниулах зорилгоор хямдралтай үнээр үйлчлэх урамшуулалыг хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй байгаа. Үүнээс гадна бусад үндэстний хоолыг ч гэсэн хийх чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Жижиг, дунд үйлдвэрийг илүү их дэмжээсэй гэж бодож явдаг. Бор зүрхээрээ зүтгэж яваа залуус олон бий шүү дээ. Ажиллуулж байгаа газрынхаа түрээс, ажилчдынхаа цалинг тавихаас эхлээд урсгал зардал их байдаг. Төр, засаг минь энэ тал дээр жаахан анхаарвал ирээдүй хойч үе өөрийн зорьсноор ажиллах хүсэл сонирхолтой байна гэжбодож явдаг.
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.12 ПҮРЭВ № 48 (6273)