Дональд Трамп Европоос АНУ-г чиглэсэн бүх хөдөлгөөнийг хориглолоо
Ерөнхийлөгч Трамп лхагва гаригийн орой Коронавирусийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх үүднээс Европоос ирэх бүх хөдөлгөөнийг баасан гаригаас эхлэн 30 хоногийн турш зогсоож байгаагаа зарлав. Гэхдээ энэхүү хязгаарлалт нь Их Британид хамаарахгүй юм байна.
Тэрбээр мөн эрүүл мэндийн даатгалын компаниуд коронавирусын эмчилгээнд илүү олон иргэдийг хамруулахын тулд тулд даатгалын төлбөрийг бууруулах, түүнчлэн холбогдох эмчилгээний төлбөрийг цуцлах тухай тохиролцсон гэж мэдэгдэв.
Трамп удахгүй хорио цээрэнд орох шаардлагатай байгаа ажилчдад санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор яаралтай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа нэмж хэллээ. Тэрбээр Конгрессоос энэхүү тусламжийг сунгах талаар хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг хүссэн аж. Тэрбээр Сангийн яамны холбогдох албан тушаалтанд "татварын төлбөрийг тодорхой хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүү, торгууль оногдуулахгүйгээр хойшлуулах" зааварчилгаа өгнө гэж хэллээ.
Ерөнхийлөгч мөн вирусийн ноцтой байдлыг хүлээн зөвшөөрч, түүнийг "аймшигт тахал" гэж нэрлээд Америкчууд шаардлагагүй аяллаа хойшлуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар АНУ-ын засгийн газар эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах арга хэмжээ орон даяар авч эхэлсэн бөгөөд сургуулиудыг тодорхойгүй хугацаагаар хааж, зарим асрамжийн газруудад хориг тавьж, иргэдийг боломжтой бол гэрээсээ ажиллахыг уриалжээ.