Сэтгэл сайтай, зөв сайн бодолтой хүн хэзээд өөдлөн дэвжиж, жарган манддаг
Сайхан сэтгэлтэй хэн бүхэнд хорвоо ертөнц сайн бүхнийхээ дээжийг агаар тэнгэр, газар шороогоор дамжуулан илгээдэг юм.
Сэтгэл сайтай, зөв сайн бодолтой хүн хэзээд өөдлөн дэвжиж, жарган манддаг нь ертөнцийн жам билээ. Амьдарна гэдэг зовохын нэр юм. Үр хүүхэд, хань ижил, ахуй амьдрал, хайртай хүмүүсийнхээ төлөө зовохын нэр юм. Үнэ цэнэтэй бүхэнд татагдаж, өөрийн эрхээр жаргахын тулд ихийг төлөхийн нэр юм. Өөрийнхөөрөө жаргахыг хүсэхийн тоолонд хяслан биднийг хүлж орхино.
Энэ зовлонг давахын тулд бусдын эрхээр зовохоос өөр сонголт бидэнд үлддэггүй. Тийм ээ, амьдрал бол зовлон юм. Сайн, муугийн дэнсэн дээр сэтгэлээ чилээхийн зовлон юм. Зөв, буруу замаас нэгийг нь сонгох гэж шаналахын нэр юм. Буруу замаар будаа тээх үү, зөв замаар жаргалд хүрэх үү гэдгийн үнэ үүгээр хэмжигддэг болохоор амьдрал бол эргэлзэх их зовлонгийн нэр юм.
Амьдрал бол тэнцвэрээ нээхийн нэр юм. Баяр, гунигийн алинд ч намуухан голын урсгал шиг нэгэн жигд хөвөхийн нэр юм. Гачлант амьдралын даваа нугачаа бүрт унаж, бүдрэлгүй алхахын тулд сэтгэлийн тэнцвэрт хүрэх нь энэ амьдралын утга учир юм. Тийм ээ, амьдрал бол сэтгэлээ чагнахын нэр юм. Зовлон, шаналал хийгээд уур, омог, атаа, хорсол, алив зүйлсийн бүх л учир нь сэтгэлд бий.
Айдас түгшүүр, санаа зоволтын шалтгаан ч сэтгэлд л бий. Гарт баригдаж, нүдэнд харагддаггүй сэтгэл гэдэг энэ эрхтэн эрүүл, амгалан байж гэмээнэ хүний амьдрал жаргалаар баясдаг нь жам юм. Сэтгэлээ чагна. Тэр дэндүү хамжааргагүй шүү. Өглөө, өдөр, шөнийн алинд ч түүнийг сэрэмж алдалгүй чагна. Нэг л буруу тийш тэр зүглэчихвэл эргээд байрандаа ортлоо энэ биеийг чинь элдвээр шаналгана гэдгийг бүү март.
Сэтгэлээ чагна. Сайхан бүхнийг дотроо сийлж, саар зүйлсийг, муу бодлуудыг бодлоосоо арчин хая. Муу бодлууд орж ирэх тоолонд сүсэглэдэг бурхандаа залбир, эсвэл сэтгэлээ сайхан бодлуудаар ариусга. Учир нь муу бодлууд муу зүйлийг л өөртөө татах хүчтэй байдаг болохоор тэдгээрийг үргэлж дандаа дарж, номхотгож яваарай. Жаргалын бүх жор сэтгэлд л бий.
Сайхан амьдарч, бусдын жишгээр явахад тийм их мөнгө, хөрөнгө зөөр хэрэггүй. Зөв, сайхан сэтгэл л байхад хангалттай. Сайхан сэтгэлтэй хэн бүхэнд хорвоо ертөнц сайн бүхнийхээ дээжийг агаар тэнгэр, газар шороогоор дамжуулан илгээдэг юм. Сэтгэл сайтай, зөв сайн бодолтой хүн хэзээд өөдлөн дэвжиж, жарган манддаг нь ертөнцийн жам билээ. Тийм ээ, жаргая гэвэл сэтгэлээ чагна. Сэтгэлээ ариусга. Сэтгэлээ эмчил.