Юу л болоод өнгөрчихөв дөө. Хотынхны тал нь Хүчит шонхор дээр махны дайнд мордож, үлдсэн хэсэг нь гурил будааны гардан тулаанд гарсан юмаа даа. Оройхон гарахад гудамж талбай сэлүүхэн, дэлгүүрт гурил будаанууд "Намайг аваач" гээд л овоолоостой л байна билээ шүү. За махны хувьд, 90 сая малтай ард түмэн хоосон хоночихгүй байлгүй дээ. Өмнөхөөс илүү өндөржүүлсэн бэлэн байдалд, өргөн далайцтай ажиллах шаардлага Засгийн газарт тулгарлаа.
Хот руу орж, гарах хөдөлгөөн хязгаарлахдаа хөдөөнөөс нийлүүлдэг мах, цагаан идээний хомсдлыг давхар тооцсон гэж итгэж байна. Хэл өөр, хил дамнаж ирсэн л бол хиртэй гараар баримгүй бурхан мэтээр гадныхныг үздэг, гайгүй гэснээ өмнө нь барьдаг зан энэ удаа бас л гай дагууллаа. Ерөнхийлөгчөө хүртэл хөл хорионд суулгасан байтлаа ердийн л нэг гаднын иргэнд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж олгочихсон байх юм.
Хөл хорионоос тэр нөхрийг арын хаалгадаад мулталсан хөгийн эрх мэдэлтэн буруугаа өөрөө хүлээгээд бушуухан огцорвол таарна. Үхлийн өмнө өврийн хаалга, айдсын өмнө арын хаалга гэж угаасаа байхгүй. Энэ оны хоёрдугаар сарын 15-нд анх Францад энэ өвчин гарсан. Солонгост суугаа монголчууд, Солонгос зүгийн нислэгийг хаасан байтлаа Францад яагаад нээлттэй хандав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. Тавих ч ёстой асуулт. Эрх мэдэлтнүүдийн эвгүй лообий Covid-19-ийн хүрээнд үйлчлээд байгаа юм биш биз гэсэн бодит хардлага бий боллоо. Солонгос, Франц хоёр монголчуудын хувьд адилхан л гадаад улс.
Адилхан вирус илэрсэн орнууд. Алийг нь чангалаад, хэнийг нь эрхлүүлээд иймдээ тулсныг ойлгочихмоор л байна. Хэдэн муу монголчуудыгаа хил дамнуулан мөшгөөд л, хэц дамжуулж хөөгөөд чухам л үзэж тарж үсэрч наалдаад байсан. Гэтэл вирусын мянгаад тохиолдол илрээд, арав шахам хүн нас барсан Францаас ирсэн гийчнийг хоймортоо давруулаад, хажуудаа эрхлүүлчихэж. Тиймээс ч хөдөө гадаа хорионд сууж хөөрхөн чирэгдсэн ч гэсэн улсаа бодоод, алсаа ойлгоод хичээж гүрийсэн олон түмэн ууртай байна. Уурлахгүй гээд ч яахав. Монголд хэзээ ч Covid-19 гарахгүй юм шиг юунд ч юм найдаж, хэнд ч юм итгэж байсан монголчуудын хийсвэр итгэл нуран уналаа.
Хөх тэнгэрийн харъяат гэх хөөрүү сэтгэлийн хөөс хагарахдаа хөлдөө бидний эв нэгдэл, эрч хүчийг хамж чирээд хариугүй хажуулдуулах нь. Гэхдээ юу гээч? Одоо хэн нэгнийг буруутгах, бушуухан үзэн ядах амархан. Үүсээд байгаа нөхцөл байдлын ард үрэгдэлгүй яаж гарах вэ гэдэг л хамгийн чухал, хамтын хүч мэдэх хэрэг болчихлоо. Эвт шаазгай шиг байж л Covid-19-ийг намнана шүү. Гайтай муу коронавирус дээр гар зөрүүлсэн тархай бутархай байдал нэмэгдвэл юу болохыг мэдэж байна уу? Тиймээс эх орон, эгэл олны эв нэгдлийн эсрэг хийж буй алхам болгоныг газар авхуулахгүй, ангайсан ам болгоныг алгадаад дуугүй болгохоо хүн бүр хичээе.
За тэгээд, өөхөн давхаргаа нэмэлгүй, өчүүхэн хувиа хичээлгүй, төрийнхөө зааврыг биелүүлж, түмнийхээ заяаг сахиж, нэгэн зүгт, нэгэн санаагаар харна шүү, бүгдээрээ. Бидний зорилго тодорхой. Covid-19-өөр хэдэн ч хүн өвдсөн байсан хамаагүй, эвийн хүчээр элэг бүтэн ард нь гарцгаахын төлөө өнөөдрөөс эхлээд өөдрөг хандаж, өөрөөсөө эхлээд босох, суухаа хяная. Эрүүл, хүчтэй, эвтэй монгол хүн Та Монгол эх орны зүрх шүү, тиймээс хүн бүр хичээгээрэй. Уураа хямгадаж, уушгиа хайрлаж, үр хүүхэд өндөр настнаа өмнөхөөс илүү анхааръя.
Р.Эмүжин