Б.Янжмаа: Жил хагасын дотор коронавирусийн вакцин гаргаж авбал дэлхийн дээд амжилт болно
ЭМЯ-ны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа. Хэвлэлийн бага хурлын үеэр. Зургийн эх сурвалж: MPA.mn
Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллийн үеэр тус яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа коронавирусийн вакцин гаргаж авах үйл явц дэлхийн хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ковид-19 өвчний эсрэг вакцинийг хөгжүүлж, боловсруулан гаргахаар дэлхийн биотехнологийн томоохон корпорациуд маш их хүчин чармайлт гарган ажиллаж байна" гэсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын мэргэжилтнүүд нэгдүгээр сарын 9-нд уг шинэ вирусийн генийн дарааллыг тогтоосноо дэлхийн улс орнууд болон ДЭМБ-д хуваалцсан. Үүний дараа тэргүүлэгч компаниуд уг генийн дараалал дээр суурилж лабраторид вирусийг гаргаж авах, улмаар боломжит вакциний хувилбаруудыг хөгжүүлж эхэлсэн байна.
2017 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шийдвэрээр дэлхий дахинд халдварын тархалт дэгдсэн үед аюулгүй байдлыг хангах зорилгоор ”ОУ-ын түншлэлийн сан”-г байгуулсан байна. Тус сан нь дэлхийн олон улсын Засгийн газрын болон ЗГ-ын бус байгууллагуудын санхүүжилтээр бүрддэг аж. Тэгвэл одоогийн байдлаар дээрх түншлэлээс вакцин гаргаж авахад 66 сая ам долларын санхүүжилтийг өгч, түүнийг нь ашиглан нийтдээ 30 гаруй өндөр хөгжилтэй улс орны биотехнологийн мэргэжилтнүүд вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл тэдний зарим нь дөрөвдүгээр сарын эхээр, зарим нь дөрөвдүгээр сарын сүүлчээр вакцинийг 3 үе шаттайгаар амьтан дээр туршихаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлэхдээ "Гэвч энэ нь хараахан вакцин гаргаж авсан гэсэн үг биш. Амьтан дээрх туршилтын дараа хүний буюу эмнэл зүйн туршилт эхлэх ёстой. Энэ нь мөн л 3 үе шаттай явагдана. Тиймээс тэр бүх үе шатуудыг давж, аюулгүй үр дүнтэй нь нотлогдсон вакцин гаргаад, олноор үйлдвэрлэх зөвшөөрлийг автал маш их хугацаа зарцуулна. Хэрэв хамгийн багадаа 1 жил хагас буюу 12-18 сарын хугацаанд вакцин амжилттай гарган авч, массд үйлдвэрлэж эхэлбэл энэ нь дэлхийн рекорд болно" гэлээ.
Дэвсгэр мэдээлэл: Ковид-19 вирусийн вакцин гарган авахаар ажиллаж буй компаниудын нэрсийг дурьдвал Inovio, Moderna, Sanofi, Queensland-ийн их сургуулийн судлаачдын баг, Johnson and Johnson зэрэг компаниуд байна. Тэд хамгийн боломжит вакциний хувилбаруудыг боловсруулсан, туршилтын ажлаа эхлүүлэхээр явж байна.
Эх сурвалж: ЭМЯ
Х.Үүрийнтуяа