Улсын онцгой комисс өнөөдөр өглөө 06:00 цагт Шадар сайдын өрөөнд яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийслэлийн хэмжээнд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтын хүрээг өргөжүүлэхгүй байх талаар авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг томоохон зах, худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо. Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүдээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргажээ.
эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс