Монголд коронавирусын анхны тохиолдол илэрч, Улаанбаатар хотоос гарах орох хөдөлгөөнийг хаалаа
Энэ сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр COVID-19 болох нь батлагдсан байна.
Энэ асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн шинж тэмдэг илэрсэн. Бид урьдчилсан байдлаар коронавирусийн халдвартай гэж үзэж байгаа. Давтан шинжилгээ авна.
Тухайн иргэн Монголд ирснийхээ дараа эхлээд Улаанбаатарт 40 гаруй хүнтэй, хөдөө яваад 80-аад хүнтэй уулзсан байна. Гуравдугаар сарын 2-нд ирээд 7-нд халуурах шинж тэмдэг илэрч тусгаарлагдсан гэлээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин: Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 17-ны 07: 00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.