Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг үнэгүй болголоо
Шотланд улс эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй болгосон дэлхий дээрх анхны улс болжээ.
Euronews.com сайтад бичсэнээр, Шотландын парламент 2017 онд өргөн барьсан ариун цэврийн хэрэгслийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан байна. Үүнд жилд 28.7 сая еврог зарцуулах гэнэ.
Тус улс 2017 онд ариун цэврийн бүтээгдэхүүнийг сургууль, коллеж, их сургуульд үнэгүй олгодог анхны улс орон мөн болж байжээ. 2018 онд Шотландын Засгийн газар ариун цэврийн бүтээгдэхүүнийг номын сан, амралтын төвүүдэд үнэгүй тараахад зориулж дөрвөн сая фунт стерлинг зарцуулсан байна.
2017 онд “Plan International UK” хүүхдийн төлөөх буяны байгууллагын хийсэн судалгаанаас үзвэл, арван охин тутмын нэг нь ариун цэврийн хэрэгсэл авах санхүүгийн боломжгүй байдаг аж. 14-21 насны охидын 15 хувь нь ариун цэврийн хэрэгсэл авах санхүүгийн боломжгүй бол, 14 хувь нь мөн ийм шалтгаанаар найз нөхдөөсөө авдаг бол 12 хувь нь өөрсдөө хийж, хэрэглэдэг байна.
Энэ оны эхээр Британийн Засгийн газар Английн бүх сургуулиудад ариун цэврийн хэрэгслийг үнэгүй тараах төлөвлөгөөг танилцуулсан байна.