Монгол иргэдийн оролцсон ОУ-ын форумд коронавирустэй хүн байжээ
Монгол Улсын 24 иргэн АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцжээ. Тэгвэл тухайн хуралд шинэ коронавирусийн халдвартай хүн байсныг ЭМЯ мэдээллээ.
Тодруулбал, энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярихдаа "Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-28-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотод зохион байгуулагдсан 60 гаруй орны 6,000 төлөөлөгч оролцсон Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форумд манай улсын 24 хүн оролцсон.
Тэднийг гуравдугаар сарын 3-5-ны хооронд эх орондоо ирэхэд нь тусгаарласан бөгөөд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад аваад байна. Харин үлдсэн найман иргэн одоогоор Монголд ирээгүй байна. Маргааш ирэхэд нь тэднийг тусгаарлана.
Тусгаарлагдсан иргэд тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй. Гэтэл тэдгээр иргэдтэй хамт тус хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн нь батлагдсан байна.
Тиймээс тухайн улс өөрийн үүргээ ухамрсарлаж, тус хуралд оролцсон Монгол Улсын төлөөллүүдийг анхаарна уу гэсэн нот бичиг ирүүлсэн байна" гэлээ.